НЭГЖЭЭС ХУРААН АВАХ УРГАЦЫН ХЭМЖЭЭ ЭРС БУУРАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.08.03 15:41


Улсын онцгой комисс өнөөдөр /2017.08.03/  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа. Энэхүү хуралдааны эхэнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлаг, ургацын байдал, отор нүүдэл,  өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэлэл хийв. 

 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Манай орны нийт нутгаар зуншлага оройтож байгаатай холбогдуулан “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гарган аймаг, нийслэлийн ХХААГ-т хүргүүлж биелэлтийг ханган ажиллаж байна.  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүх аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарыг оролцуулсан цахим хурал зохион байгуулж мал оторлолт, хадлан тэжээл бэлтгэл, мал сүргийг эрүүл мэндийн урьчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, өвчний голомт бүхий газруудад вакцинжуулалт хийх,  ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор гаргах, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах талаар үүрэг даалгавар өглөө. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийгээд байна. Үүнтэй холбогдуулан манай яам бүх аймгийн ХХААГазраас зуншлагын байдал, ургацын төлөв байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.  Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21393 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулна гэсэн тооцоог аймгууд хийсэн байна. 

2017 оны хавар  517.4 мянган га-д тариалалт хийснээс  үр тариа  391.6  мянган га-д,  үүнээс улаанбуудай  367.2  мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал  75.9 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.7  мянган га-д,  эмийн ургамал 1.9 мянган га-д,  жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг 6 дугаар сарын 15-20-ны хооронд зохион байгуулж 13 аймгийн  84 сумын 1198 аж ахуйн нэгж, иргэдийн 366.9 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.5 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан боловч буудайн өсөлт хөгжилтийн чийгэнд хамгийн эмзэг үе буюу бутлалтаас гол хатгалтын шатанд / 6 дугаар сарын 2,3 дугаар арав хоног, 7 дугаар сарын эхний 10 хоногт/ тариалангийн ихэнх бүс нутгийг хамарч хур тундас багатай, зарим бүс нутгуудад огт хур тундасгүй, 3-4 удаагийн 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь ургацын байдалд сөргөөр нөлөөллөө. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь нэг аймгийн, нэг сумын нутагт харилцан адилгүй явагдаж, улмаар хур тундас нь зурваслан аадар хэлбэрээр орж байсан бол нарны хэт халалт нь бүс нутгийн ялгаваргүйгээр бүхэлдээ өндөр буюу 32-41 хэм хүрч халсан. Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутгуудад тариалагдсан таримлын өсөлт хөгжилт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч  улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай байна.

Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна.Энэхүү төлөвөөр Сэлэнгэ, Булган аймгийн хойд талын бүс нутаг, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ургацын байдал харьцангуй дээр буюу нэгжээс 9.0-12.0 цн ургац авахаар байгаа бол Төв аймагт 30.5 мянган га, Сэлэнгэ аймагт 18.7 мянган га, Булган аймагт 8.5 мянган га, Дорнод аймагт 6.7 мянган га, Хэнтий аймагт 4.8 мянган га, Өвөрхангай аймагт 3.9 мянган га, нийтдээ 74.6 мянган га улаанбуудайн талбайгаас ургац авах боломжгүй буюу тэжээлд шилжүүлэн хураах магадлалтай байна.Түүнчлэн гангийн улмаас бэлчээрийн ургамал хатаж гандсанаар царцаа, оготоно болон бусад хортон шавьж тариалангийн талбайд нүүдлэн орж таримлын ургацад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эрсдлийг бууруулах зорилгоор ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Цаашдаа 8 дугаар сард тариалангийн бүс нутгаар хур тундас хэвийн, нарны хэт халалтын эрчим буурах магадлалтай байгаа тул ургац хураалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-  Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,

- Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож бэлтгэх,

-  Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,

- Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа  боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх,

- ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж ургац хураалт эхлэхээс өмнө нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллахад бэлэн болсон. Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ.

2017 оны төсвийн нэмэлт тодотголоор бэлчээрийн усан хангамжийг сайжруулах шинээр худаг гаргах ажилд хөрөнгө оруулалт батлан нийт  17 аймаг тус бүрт 2-оос 12 хүртэлх нийт  96 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж ажилд нь орууллаа. Бэлчээрт нийт 45,3 мянган худаг уст цэг байгаагаас 40,1 мянган нь ашиглахад бэлэн байгаа бөгөөд мал аж ахуй эрхэлж байгаа өрхүүдийн 92,1 хувь усаар хангагдсан байна. Үлдсэн усаар хангагдаагүй өрхийг усжуулахын тулд 2017 онд 295 худаг уст цэгийг шинээр барьж байгуулах, 340 энгийн уурхайн болон гар худгуудыг засварлах боломжтой. Мөн энэ онд бэлчээрт шинээр гаргах боломжтой худаг уст цэгүүдийг улсын төсвийн хөрөнгө болон гадаадын төсөл хөтөлбөр, орон нутаг өөрийн хөрөнгө, малчдын санаачилгаар гаргаж байна.

Энэ онд бодын 355, богийн 575 хашааг шинээр барьж, улсын хэмжээнд бодын 68313 хашаа, богийн 135332 хашаа байгаа нь хашааны хангамж  98 хувьтай байна.

Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд царцаатай тэмцэх ажлыг 3 аймагт 89.8 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 2 аймгийн 100.0 мянган га бэлчээрийн талбайд зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг  08 дугаар сарын 20-нд гаргана. Иймд манай яам 8-р сарын 10-наас эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтнүүдийг орон нутагт томилож бэлчээрийн болон хадлангийн ургацыг тогтоох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Ургац хураалт, мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар ХХААХҮ-ийн сайдын албан даалгаварыг гаргаад байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. ХХААХҮ-ийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байна”  гэж мэдээлэв.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам