Монгол, Оросын худалдааны эргэлт 34 хувиар өсчээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.09.04 18:08


Өнгөрөгч сарын сүүлчээр Унгарын Будапешт хотноо болсон Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  мөн тус тэмцээний хүндэт зочноор уригдаж очоод байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хоёр орны харилцааны талаар удахгүй Владивостокт илүү дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд байна. Таныг Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцоно гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ түүнээс өмнө хуваалцах сайхан мэдээ байна” гээд хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгааг тоо баримтаар дурдсан байна.

Тодруулбал,  “Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нааштай үзүүлэлт байна. Өнгөрсөн 2016 онд худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсчээ. Улс төр, эдийн засаг, соёлын салбарын харилцаа хөгжиж байна. Манай хоёр орны уламжлалт хамтарсан аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа” тухай байв.

Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш  хоёр хөрштэйгээ найрсаг тогтвортой харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрхэмд үзэж буй. Энэ ч утгаараа УИХ-ын дарга М.Энхболд анхны гадаад айлчлалаа хойт хөршөөсөө эхэлж байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай тогтоосон уламжлалт харилцаагаа  чухалд тооцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг  эрмэлзэж буй. 

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өмнөх нийгмийн үеийн нягт хамтын ажиллагааны хэмжээ түвшинд хүргэж, малыг эрүүжүүлэх чиглэлд дорвитой алхам хийж буй. Тус улсаас Монголын малыг халварт өвчнөөс сэргийлэхэд зориулж  4,3 сая тун вакциныг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө “Атрын -3” аяны хүрээнд газар тариаланд шаардлагатай тоног төхөөрөмжийг  тариаланчдад хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзах үеэрээ  эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж тохиролцсон олон асуудал түрүүчээсээ биеллээ олж эхлээд байна.

Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон нь  В.Путин Ерөнхийлөгчийн дурдсан ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх гол түлхэц болоод байгаа юм.

ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийлээд буй. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм.

                                                                                                                                                                                              Эх сурвалж: zaluu.com



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам