“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.09.14 15:35


Дэлхийн хүнсний өдөр (10 дугаар сарын 16)-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” зорилтын дор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар  шийдвэрлэсэн.

Зорилго: Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төр, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулахад бага хурлын зорилго оршино.

Хамрах хүрээ: Бага хурлыг хүнсний аюулгүй байдалтай холбогдох чиглэлээр суралцаж байгаа оюутан, ажиллаж байгаа судлаачдын хүрээнд зохион байгуулна.

2017 оны сэдэв:  Хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүртээмж, экспорт.

Хугацаа: Бага хурлын арга хэмжээг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан зохион байгуулна.

Бага хуралд ирүүлэх илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх;
  • практик ач холбогдолтой байх;
  • нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай;
  • судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх.

Бага хурлын илтгэлийн хураангуйн бүтэц:

  • илтгэлийн нэр;
  • илтгэгчийн нэр, хаяг;
  • удирдагчийн нэр;
  • үндэслэл;
  • зорилго;
  • зорилт;
  • судалгааны арга зүй;
  • үр дүн;
  • дүгнэлт;
  • түлхүүр үг.

Бага хурлын илтгэлийн бичлэгт тавигдах стандарт шаардлага:

  • илтгэл нь А4 хэмжээтэй 3-4 нүүрэнд багтсан байна;
  • илтгэлийг зөвхөн “Unicode” ашиглан “Arial” фонт дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичсэн байна;
  • илтгэлийг А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 2 см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см зайг үлдээж бичнэ /header, footer, footnote ашиглахгүй/;
  • мөр хоорондын зай 1.15 sp байна;
  • илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр байна.

Илтгэлийг хүлээж авах:

Бага хуралд хэлэлцүүлэх илтгэлийг жил бүрийн 10 дугаар сарын 11-ны өдрийн 17.00 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоотод хүлээж авна /цахим болон хэвлэмэл хэлбэрээр/.

Жич: Бага хуралд оролцох хүсэлтэй бакалаврын оюутнууд илтгэлээ суралцаж буй сургуулийнхаа захиргаанд хүргүүлнэ. Их, дээд сургуулиуд шаардлагад нийцэх 5 хүртэлх оюутны судалгааны илтгэлийг дээр дурдсан хугацаанд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоотод хүргүүлнэ.

Илтгэлийг үнэлэх, шалгаруулах:

Бага хуралд ирүүлсэн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-197 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дор дурдсан үзүүлэлтээр үнэлж шалгаруулна.

  • хүнсний салбарын хөгжил дэвшилд шинэ санаа, шийдэл гаргасан;
  • гаргасан дүгнэлт, дэвшүүлсэн санал бодитой;
  • ашигласан, судалсан материал;
  • илтгэлд тавигдах ерөнхий шаардлага, бичлэгт тавигдах стандарт шаардлагыг хангасан.

Шагнал:

Бага хуралд оролцогчдоос тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан бакалаврын оюутанд дараах шагналыг гардуулна:

Тэргүүн байр: Сайдын батламж, 300 мянган төгрөг.

Дэд байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.

Тусгай байр: Өргөмжлөл, 100 мянган төгрөг.

Бага хуралд оролцогчдоос тэргүүн байр, дэд байр, тусгай байрт шалгарсан судлаачид дараах шагналыг гардуулна:

Тэргүүн байр: Сайдын батламж, 1 сая төгрөг.

Дэд байр: Өргөмжлөл, 500 мянган төгрөг.

Тусгай байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.

Шагналыг уламжлал болгон Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн орлогч дарга, хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гардуулна.

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий илтгэлүүдийг эмхэтгэж хэвлүүлэн нийтийн хүртээл болгоно. Салбарын бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.

Холбоо барих утас: 261962.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам