Б.Очирбат: Шинэ Засгийн газрын үед махны үйлдвэр, махны экспортод шинэ дэвшилт, үр дүн гарч байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.09.17 19:06


Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.ОЧИРБАТТАЙ ярилцлаа.

-Манай улсын хүнсний салбарт томоохон үүргийг мах бэлтгэл эзэлдэг. Гэтэл энэ салбарт нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар ярих хүн олон бий. Ер нь мах бэлтгэлд төр засгаас үзүүлж буй дэмжлэг хэр байдаг вэ?

-Мах бэлтгэлийн салбарт төр, засгаас үзүүлэх дэмжлэг хангалтгүй гэж хэлж болно. Ялангуяа өнгөрсөн зургаан жил буюу өмнөх Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлж байсангүй. Учир юу гэвэл, төрөөс махны үйлдвэрүүдийг дэмжихдээ улс төржүүлж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, аль намын гишүүн тухайн үйлдвэрийг толгойлж байна гэдгээс хамаар ч дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Бусад нь төрийн дэмжлэг туслалцаагүй, нядлах малгүй хаягдчихсан учир ерөнхийдөө мах бэлтгэл зогссон гэж хэлж болно. Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх 50 гаруй үйлдвэр байна. Хөрөнгө, мөнгө зарж байгуулсан ч ихэнх нь хаалгаа барьж, тоног төхөөрөмж нь хуучирч, төмөр эдлэл нь зэвэрсэн байдалтай байдаг. Өнөөдөр төр, засгаас махны салбарт эргэлтийн хөрөнгө бий болгох, бага хүүтэй зээл олгох, гаднын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээр нь бой хийдэг мэргэжилтэй ажилтан бэлтгээгүй олон жил боллоо. Ийм мэргэжилтнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр бэлтгэх зайлшгүй шаардлага байна. Энэ талын боловсон хүчин, хүний нөөц бэлдэхэд анхаарах цаг болсон.

-Салбар яамнаас махыг экспортод гаргах талаар нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, Араб улсаас долоо хоног бүр их хэмжээний мах авах захиалга өгсөн байсан. Манай улс үүнийг бэлтгэн нийлүүлэх боломжтой юу?

-ХХААХҮЯ-ны даалгавраар гаднын улс, орон руу экспортлох махны хэмжээ, тооцоог Махны холбоо, мах үйлдвэрлэгчид хамтарч хийсэн. Араб улс долоо хоногт 4000 тонн мах авахаар захиалсан. Гэтэл яаж ч хүчээ шавхаад, одоо ажиллаж байгаа үйлдвэр дээр цаашдаа ажиллуулах боломж, нөхцөлтэй үйлдвэрээ нэмж оруулан тооцохоор бид долоо хоногтоо 1500 орчим тонн мах л бэлтгэх боломжтой байна. Хэрвээ бид долоо хоногтоо энэ нормоо бэлтгэж чадаад гаргавал Монголд байхгүй амжилт, үзэгдээгүй экспорт болно. Өнөөдрийн байдлаар хоёр л үйлдвэр мах экспортолж байна. Цаашдаа мах экспортод гаргах зорилготой үйлдвэрүүдтэй Иран улсаас гэрээ, хэлцэл хийж мах бэлтгэх үйлдвэрээ газар дээр нь шалгаж үзэх ажил үргэлжилж байна. Мөн Хятадын шинжээчид энэ сарын 21-нд ирж махны бүх үйлдвэртэй танилцана. Тэд аль үйлдвэрээс түүхий, альнаас нь  дулааны боловсруулалттай мах авах вэ гэдгээ шийдэх юм. Ингэснээр махны үйлдвэрүүд энэ жил өндийх хандлагатай болно. Энэ шинэ Засгийн газрын үед хөдөө аж ахуйн махны үйлдвэр, махны экспортод шинэ, дэвшилт, үр дүн гарч байна.

-Махны экспортын ард эрүүл, аюулгүй байдлын асуудал ихээр яригдаж байна. Гэтэл манайх энэ талд төдийлөн шаардлага хангадаггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Махны холбоо, мах үйлдвэрлэгчид, ХХААХҮЯ хамтарч малын махыг эрүүлжүүлэх, эрүүл малыг хүнсэнд хэрэглэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал, орон нутагт бэлтгэлд авсан малыг сарын хугацаатай тусгайлан маллаж, энэ хугацаандаа тандалт шинжилгээ, эмчилгээ судалгаа хийж өвчингүй гэдгийг нь нотолсны дараа нядалгаанд оруулах ёстой. Ингэснээр эм, вакцины үлдэгдэлтэй малын мах худалдаанд гарахгүй байх бололцоог нээж байгаа юм. Хоёрдугаарт, дэлхийд манайх шиг малыг гараараа нядалдаг улс ховор. Ялангуяа төв суурин газарт борлуулах нийтийн хэрэгцээний махыг заавал үйлдвэрийн аргаар нядлах хэрэгтэй. Ингэснээр аюулгүй эрүүл хүнс бий болох анхан шатны тогтолцоо бүрдэх юм. Улаанбаатар, Дархан-Уул, Орхонд нөөцийн мах нийлүүлж байна. Гэтэл дийлэнх нь малчдын буурь, өвөлжөөнд хийсэн гар нядалгааны мах байдаг. Малын махыг үйлдвэрээр бэлтгэх явдал бол махны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах анхны чухал шаардлага юм. Өнөөдөр бүх аймаг махны үйлдвэртэй болсон. Тиймээс улсын төсвөөс санхүүждэг цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цэргийн анги, хорих газрыг үйлдвэрт боловсруулсан махаар хангах ёстой. Ингэж байж бид үйлдвэрүүдээ ажилтай болгож, иргэдээ цэвэр хүнсээр хангаж малчдаа мөнгөтэй болгож чадна. Түүнчлэн малчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, малчдад бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, малаа өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх, вакцин яаж хийх, ямар хугацаатай байх ёстой вэ гэсэн сургалтыг явуулах ёстой.

-Махны үнэ хэр тогтвортой байна вэ?

-Сүүлийн жилүүдэд махны үнэ харьцангуй хямдарч байна. Яагаад гэвэл, махны хангалт сайжирч байна. Өнөөдөр мах кг нь 3000 гаруй төгрөгийн үнэтэй байна. Үнэ бол зах зээлийнхээ жамаар явна. Мах ховордвол хүссэн хүсээгүй, тогтоол шийдвэртэй, шийдвэргүй үнэ нь өснө. Мах элбэг үед малаа яаж ч үнэ хүргэх гээд өсөхгүй. Тиймээс нэгэнт Монголын мал илүүдсэн, эрэлт багатай ийм нөхцөлд махыг экспортод гаргах асуудал хамгийн чухал. Ингэж байж малчдын ажил амьдрал дээшилнэ, Монголын махны чанар дэлхий нийтэд танигдана. Сүүлийн жилүүдэд малчид их буруу хэвшилтэй болсон. Өвөл багахан цас оронгуут л малаа зуданд үхнэ гээд төр засаг, орон нутгаа шахдаг болсон. Арав, арваннэгдүгээр сард үйлдвэрүүд зогсчихсон байдаг учир малчид өөрсдөө нядалсан болоод өгдөг. Гэтэл энэ нь эргээд нөгөө л чанар муу, ямар өвчинтэй нь мэдэгдэхгүй их хэмжээний мах худалдаанд гарахад хүргэдэг. Өмнө нь нөөцийн мах бэлтгэхээр бол долоодугаар сараас эхлэн гэрээгээ хийж, гэрээнийхээ дагуу малчдаасаа малаа авч нядлаад арав, арваннэгдүгээр сар гэхэд бэлтгэж дуусгаад, зоориндоо хадгалдаг байсан шиг аргаар ажиллах ёстой.

                                                                                                                                                               Эх сурвалж: Монголын үнэн сонин


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам