Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 дахь удаагийн вакцин ирлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.11.06 21:54


2017.11.06

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5,1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг уруу хүргүүлж эхэллээ.

         Бог малын мялзан өвчний вакцины 9,6 сая тунг улсын нөөцөд үлдээх юм. Харин үлдсэн 5,4 сая тунг баруун таван аймагт хувиарлан хүргүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас зохион байгуулж байна. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол  2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогджээ.

         Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд  хийснээр мялзан өвчний дархлаа тогтоож, өвчнийг 5 жил хяналтанд авах боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллэсэн. Түүнчлэн мялзан өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил цаг хугацааны хувьд давчуу байгаа ч аймаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудаар дамжуулан зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг өглөө.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам