Орон нутагт мал аж ахуйг түшиглэсэн хөнгөн үйлдвэр эрчимтэй хөгжиж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.04 18:35


Б:Батзориг: Малчдыг орлоготой болгох хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжинэ


ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн "Ноос-Ирээдүй" ХХК-ны ноосны үйлдвэрт ажиллалаа. Тус компани нь ноос боловсруулах үйлдвэрээ 2013 онд Арвайхээр суманд байгуулсан бөгөөд жилдээ 3000 тн хонины, 250 тн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийдэг. Үйлдвэр нь  360 тн самнасан ноос, 9.0 мянган ширхэг оёмол хөнжил үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнийхээ 30 хувийг дотоодын зах зээлд нийлүүлж, 70 хувийг экспортолдог байна.

Компани нь нийт 150 гаруй хүнийг орон нутагтаа ажлын байраар хангаж байна. Түүхий эдийнхээ 50 гаруй хувийг Өвөрхангай аймгаас үлдсэн хувийг хил залгаа Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв, Булган,  Архангай баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан зэрэг аймгуудаас авдаг байна.  

“Ноос-Ирээдүй" ХХК нь 2012 онд УБ хотоос орон нутагт ирж, хоосон газарт бүтээн байгуулалт хийж  өдгөө компаниа орон нутгийн тэргүүлэх хөнгөн үйлдвэр болгон хөгжүүлж чаджээ.  2016 оны эцэст АХБ-ны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн зээлийг 7 жилийн хугацаатай авч байсан. Авсан зээлээ одоогийн байдлаар хугацааны дагуу 100 хувь төлдөг хэмээн компанийн удирдлагууд ярьсан.

Засгийн газрын тогтоолоор малчид, түүхий эд бэлтгэгчид үндэсний үйлдвэрт тушаасан ноосныхоо чанараас шалтгаалан  нарийн, нарийвтар, бүдүүн гэсэн ангиллаар урамшуулал авдаг.  Үндэсний үйлдвэрт тушаасан ноосны  “баримт” бүрдүүлэлт хугацаа алдаж байгаагаас түүхий эдийн нийлүүлэлт саатах бэрхшээл тулгарч байгааг анхааралдаа авахыг сайд Б.Батзоригоос компанийн удирдлагууд хүссэн.

Тус үйлдвэр нь малчдын гар дээрээс 1 кг ноосыг 1800-2200 төгрөгөөр, нэхийг 3000-4000 төгрөгөөр авдаг байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд Батзориг сайшаагаад  цаашдаа орон нутагт малчдыг мөнгөжүүлэх, орлоготой болгох энэ төрлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ онцлон хэлж байлаа.

 

Өвөрхангай аймагт  өдөрт 1200 мал төхөөрөх хүчин чадалтай махны үйлдвэр ашиглалтад орлоо

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймаг дахь “Өв мийт продактс” ХХК-ны махны үйлдвэрт ажиллалаа. “Өв Мийт Продактс”  ХХК-ийн махны үйлдвэр нь нэг ээлжид өдөрт 1000 толгой бог, 200 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай.  АНУ-ын “Жарвис” брэндийн бүрэн автоматажсан  үйлдвэр нь мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, 18-20 градуст хадгалах зориулалтын өрөөнүүдтэй. Мөн  1000 тн мах хадгалах агуулахтай юм. Ашиглалтад ороод 7 хонож байгаа уг махны үйлдвэр хэвийн ажиллагаатай үедээ 50-60 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэж байлаа.

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна.Өвөлжилт хүндэрч  байгаа энэ үед аймагт махны үйлдвэр үйл ажиллагаагаа нээсэн нь малчдад өвлийн эрсдэлийг хохиролгүй даван туулах боломж гэж харж байна.  Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж, дотоод, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжит махны үйлдвэр Өвөрхангай аймагт нээгдлээ.  Орон нутгийн эдийн засгийг чадавхжуулах энэ төрлийн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.  

Малчдын орлогыг нэмэгдүүлэх мах бэлтгэн экспортлох ажлыг эрчимжүүлэх үүднээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот гэрээгээр “Өвөрхангай Мах Маркет” ХХК-ны хувьцаа, хөрөнгийн өмчлөх эрхийг “Төрийн банк”-аас аймгийн орон нутгийн өмчит ХХК-ийн өмчид шилжүүлснээр ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам