Монгол, Америк хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.04 21:46


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны  Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерийг хүлээн авч уулзлаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын өнөөгийн байдал болон авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгсөн. Тэр дундаа “Малын эрүүл мэндийн тухай” “Малын генетик нөөцийн тухай хууль” –ийн эхний шатны хэлэлцүүлэг хийгдсэн байгаа бөгөөд УИХ-аар удахгүй батлагдаж, 2018 оноос эхлэн хууль хүчин төгөлдөр хэрэгжих тухай танилцуулсан.

Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцийг  Америкийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой байгаагаа ХХААХҮ-ийн сайд  Б.Батазориг хэллээ.  Талууд хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэхэд мал эмнэлгийн салбарын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, АНУ болон бусад орнуудаас  хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон.

АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс манай улсад нүүрлээд буй байгалийн гамшиг болох ган зудад нэрвэгдсэн аймгуудад тусламжийн гараа сунгахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн махны экспортыг дэмжих улмаар малчид болон мал аж ахуйн хөгжлийг дэмжих, тухайн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Америкийн Засгийн газраас нийт 11 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа хэллээ. Цаашдаа хоёр орны аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, ЭСЯ-ны зүгээс АНУ-ын ЭКСИМ банкнаас 10 сая ам.долларыг зээлийн баталгаа хэлбэрээр олгуулахаар ажиллаж байгаа хэмээн Элчин сайдын яамны  Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер мэдээллээ.

Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам