Малчдын амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлнэ

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.05 16:04


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман,    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч  хатагтай  Даниела  Гаспарикова,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  хатагтай  Б.Бүнчингив  болон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

НҮБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол улсын Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээснээс хойш Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой Хөгжил-2030” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2016 онд “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал -2030”  Эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, болон тогтвортой хөгжлийн засаглалын зорилтууд гэсэн 4 бүлэг 44 зорилт бүхий тогтоол баталсныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг цохон тэмдэглэлээ.

Төрийн бодлого малчдын амьжиргааг сайжруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэвэл  газар тариалан, аж ахуйг дагасан залуучуудын урсгал ялангуяа хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн нэмэгдэх боломж байна хэмээн Сайд Б.Батзориг хэллээ.  Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч хатагтай Биата Транкман  Олон Улсын Уур Амьсгалын Ногоон Санд өргөн барьж буй “Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” малчдын амьдралыг дэмжих, хөдөөгийн ус, газрын нөөцийн менежмент, мал аж ахуйд суурилсан хөдөөгийн иргэдийн амьдралыг сайжруулах, бүтээмж нэмэгдүүлэх, эрсдэл бууруулах гэсэн 3 үндсэн чиглэл бүхий төслөө энэ үеэр танилцуулсан.  Энэхүү 23 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийн гол зорилго нь хөдөөгийн амьжиргааг сайжруулах, эрсдэлийг бууруулах болон ядуурлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн багасгахад чиглэсэн. Тэгэхээр дээрх төсөл танай яамны зорилго, бодлого хөтөлбөртэй уялдаж байгааг онцлоод, цаашдаа салбарын хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэхүү төслийг дэмжин хамтран санхүүжүүлэх талаар ярилцаж Сангийн яамтай холбогдон мэдээлэл солилцохоо хэлээд  “Тогтвортой хөгжлийн зорилт”-ийн хүрээнд цаашид НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам