“Өвөл, хаврыг өнтэй давъя” аян амжилттай хэрэгжиж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.12.28 16:17


Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж  нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг орон нутагт өрнүүлсээр байна. Малчдад  өөрсдийн амьдарч байгаа сумаасаа өвс, тэжээлээ хямд үнээр худалдан авч, нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаа нь аяны зорилго юм.

ХХААХҮ-ийн яамны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Ишээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа. Ажлын хэсэг аж ахуйн нэгжүүдийн яамтай байгуулсан “бодлогын гэрээ”- ний биелэлт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон малчдын гар дээр өвс, тэжээл хямд үнээр очиж байгаа эсэхтэй танилцаад ирлээ. Мөн аймгийн ХХААГ болон Мал эмнэлгийн тасагт  “малчид ноосны урамшууллын мөнгөөрөө  болон мал, махаар тэжээл сольж” авах ажлыг эрчимжүүлэх мэдээлэл өгч ажиллалаа.

Төв аймгийн Эрдэнэ сум нь  өвөлжилтийн нөхцөл хүнд,  аймгийнхаа  зудтай суманд багтаж байна. Таван багийн хэмжээнд 900 гаруй малтай өрхтэй, 186 мянган орчим толгой малтай сум юм.  Энэ жил 26 малчин өрхийн 11 мянга гаруй мал 9 аймгийн нутагт оторлож байна. Сумын малчдын төвшинд энэ онд  3700 орчим өвс,  тэжээл бэлтгэсэн, Эрдэнэ сумын  аюулгүй нөөцөд 100 тонн өвс 50 тонн тэжээл  нөөцөлжээ.

Малчид ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна

Малын тэжээл худалдаж авах малчид бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгө, мал, махаар тэжээл сольж авах боломжтой юм. 2017 оны байдлаар 22,4 тэрбум төгрөгийн урамшуулалтай нийт 20 гаруй мянган кг ноосыг 87 орчим мянган  малчин үндэсний үйлдвэрт тушаажээ. Ноосны урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлсэн байгаа. Дээрх мэдээллийг үндэслэн МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл авах зөвшөөрлийг олгож байна. ХХААХҮ-ийн яамны ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж ноосны урамшууллын мөнгөндөө малынхаа өвс, тэжээлийг авах хүсэлтээ гаргасан малчны төлөөлөлтэй уулзан,  мэдээлэл өглөө.

Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн малчид С.Аскарынх бог,бод нийлсэн 880 гаруй малтай, өнгөрсөн жил 640 кг хонины ноос үндэсний үйлдвэрт тушааж, ноосны урамшуулалдаа 640,000 төгрөг авах эрх нь үүсчээ.  Гэрийн эзэгтэй Д.Бакат өөрийн хүсэлтээр ноосны урамшууллын мөнгөнөөсөө 134,400 төгрөгт нь 3 шуудай хорголжин тэжээл, 5 шуудай хивэг авлаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн малчин Ц.Батболдынх бог бод нийлсэн 500 гаруй малтай,  хүү Б.Батжаргалын хамт өвөлжиж байна. Ц.Батболдынх ноосны урамшуулал болох 142,000 төгрөгтөө адууны хүчит тэжээл, хивэг авлаа.

Ноосны урамшуулалдаа тэжээл авахыг хүссэн малчин нь: Сумынхаа мал эмнэлэг, үржлийн тасагт иргэний үнэмлэхтэйгээ очин, ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж,  малчны тэмдэг дарж баталгаажуулна. Ингээд тухайн аймаг суманд тэжээл борлуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд хүлээлгэж өгснөөр тэжээлээ авах эрхтэй болох юм.  Мөн малчид ноосны урамшууллаас гадна мал, махаар сольж тэжээл авах боломжтой.

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон, Ховд аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгж 3654,8 тонн хивэг, 2389,7 тонн хорголжин тэжээл, 214,2 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.

Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь  520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн  малчдад хамгийн ойр цэг болох сумын төвд арилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам