Хүнсний үйлдвэрийн салбарын бодлого

1. Салбарын урт хугацааны зорилт

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” бүлгийн Аж үйлдвэрийн бодлогын Зорилт 2-т Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийг эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан.

Уг зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн. Үүнд:

I үе шат /2016-2020 он/: Үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоод эх үүсвэрээр бүрэн хангаж, хот, суурин газрын бүсэд хөдөө аж ахуйн кластерыг хөгжүүлж, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 30 хувь, сүүний 40 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах

II үе шат /2021-2025 он/: Хүн амын хэрэгцээг эрүүл баталгаатай хүнсээр хангах, шинжлэх ухааны өндөр түвшний технологи нэвтрүүлж, олон улсын зах зээлд “Монгол брэнд” хүнсний бүтээгдэхүүн гаргах, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 50 хувь, сүүний 60 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах.

III үе шат /2025-2030 он/: Хүн амын хэрэгцээг эрүүл баталгаатай хүнсээр бүрэн хангах, олон улсын зах зээлд “Монгол брэнд” хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 70 хувь, сүүний 80 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах.

2. Салбарын дунд хугацааны зорилт, бодлого

УИХ-ын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого-д “1.4.3. мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах” чиглэлийг баримтлахаар заасан. Мөн   хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, хүрэх түвшинг тодорхойлох;
  • Эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг дэмжих;
  • Стратегийн хүнсний улирлын нөөцийг эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний онцлогтой уялдуулан хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэх;
  • Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;
  • Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны болон хагас боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;
  • Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх;
  • Хүнсний сүлжээний бүх үе шатанд хадгалалт, тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангасан ложистик сүлжээг хөгжүүлэх;
  • Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, шилжилт, хөдөлгөөнийг хянах бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мал эмнэлгийн болон ургамлын хорио цээрийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах;
  • Малын эм, бордоо, ургамал хамгааллын бэлдмэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодис, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлох чадавх, хяналтыг сайжруулах;
  • Хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих;
  • Хүнсээр дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа зөрчилд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зөрчилтэй эвлэрсэн ойлголт, хандлагыг өөрчлөх, тавигдах шаардлагыг өндөрсгөх, нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнтэй арга хэлбэрийг хэвшүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдал алдагдах, нийтийг хамарсан хордлого, халдварын тохиолдол, онцгой нөхцөл байдал, хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, салбар дундын зохицуулалтыг идэвхжүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хязгаарлах, хэрэглээнд нөлөөлөх, дэлхий нийтээр хэрэглээнээс хасаж байгаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт, худалдааг хориглох;
  • Шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгааны дүнд суурилан зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх;
  • Нийтийн хоол үйлдвэрлэлийн хоолны шим тэжээл, чанар, түүнд тавих хяналтыг сайжруулах, нийтийн хоолны үйлдвэрлэлд зэрэглэл тогтоох;
  • Нийтээр нь үйлчлэх (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, хорих газар болон тэдгээртэй адилтгах бусад) хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, шим тэжээлийн агууламжийг дээшлүүлэх, нэгдсэн жор, технологийг боловсруулах, мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, дотоод хяналтыг сайжруулах;
  • Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хүнсний хангамжийн ложистикийг бий болгох, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;
  • Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, хүн амын хүнсний хэрэглээний нэгдсэн мэдээллийн сан, сүлжээ бий болгох, хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлттэй холбох;
  • Хүн амын хоол, хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах, сайжруулах оролцоог нэмэгдүүлэх. 

Хүрэх үр дүн:

Шалгуур үзүүлэлт 2014 суурь он 2020 он 2025 он
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах /мянган тонн/ 16.8 100 200
Нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний эзлэх хувь 9 30 50

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т хүнсний салбарт дараахь зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
2.18. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.
2.19. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.
2.20. Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.
2.21. Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.
2.22. Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.
2.23. Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.
2.24. Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөр-ийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн зорилго нь сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулахад оршино. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн. Үүнд:

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь үзүүлэлт Хүрэх үзүүлэлт Өөрчлөлтийн хувь, %
Нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоо ширхэг 3-4 1-2 -50
Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгч хувь 22 50 +28
Сав, баглаа боодол, хаяг шошгын дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хувь хувь 30.0 50.0 +20
Хүнд даацын уутны дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хувь хувь 60 100 +40

Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-г орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэсэн. Уг аяны хүрээнд дараах 5 зорилтыг хангах арга хэмжээ бүхий төлөвлөгааг батлан хэрэгжүүлж байна.  

  1. Салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх;
  2. Тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах;
  3. Мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
  4. Мах, сүү боловсруулах дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  5. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих. 

Хүрэх гол үр дүн:

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин 2017 онд 2020 онд хүрэх түвшин
Үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээ сая л 73.6 78.0 200.0
Хуурай сүүний импортын хэмжээ мян тн 4.1 6.4 0
Хуурай сүүний импорт сая дол 9.4 6.4 0
Сүү, сүүн бүтээгдэхүүнээс олох экспортын орлогын хэмжээ сая дол 0.18 2.3 10.0
Эрчимжсэн аж ахуйгаас сүүний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх сүүний хэмжээ сая л 69.7 76.0 94.2+
Сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн сүүний гарц /дундаж/ л/өдөр 9 10 16
Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд нийлүүлэх сүүний хэмжээ сая л/жилд - - 2.6
Үйлдвэрийн аргаар боловсруулах махны нийт хэмжээ мян тн 15.2 20.0 115
Махны экспортын хэмжээ мян тн 9.2 15.0 100
Махны экспортоос олох орлого сая дол 16.5 31.5 63.0
Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортоос олох орлого сая дол 1.6 5.0 200
Үхрийн махны импорт тн 78 500 0
Эрчимжсэн аж ахуйгаас махны боловсруулах үйлдвэрт нийлүүлэх махны хэмжээ мян тн 2.0 3.0 12.0
Махны чиглэлийн эрчимжсэн үхрийн нядлагааны гарц /дундаж/ кг 202 210 225

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам