Сүү үйлдвэрлэлийн салбарын танилцуулга

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая.л буюу хүчин чадал ашиглалт 8-10 хувийг ашиглаж байна. 

Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны дүнгээр 63.3 сая. литр байна. 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 81.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна.

Үзүүлэлт 2012 2013 2014 2015 2016 2017*
Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ /сая л/ 72.8 63.9 71.1 70.3 63.3 81.2

2017 оны 12 сарын байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 70.3%-ийн өсөлттэй 2016 оны мөн үетэй харьцуулахад шингэн сүү 13.1%, тараг 30.6%, зайрмаг 21.5%, цөцгийн тос 9.7%, шар тос 20.7%, бяслаг, аарц 30.9% тус тус өссөн дүнтэй байна. Харин өтгөн цөцгий 40.2%, өрөм зөөхий 10.5% буурсан дүнтэй байна.

Нэр төрөл Хэмжих нэгж Үйлдвэрлэсэн дүн
2016 оны 12 сарын байдлаар
Үйлдвэрлэсэн дүн
2017 оны 12 сарын байдлаар

Үйлдвэрлэсэн дүн
2016 оны мөн үетэй харьцуулсан дүн

1 Шингэн сүү сая л 29.51 33.37 +13.1%
2 Тараг сая л 7.86 10.27 +30.6%
3 Зайрмаг сая ш 32.6  39.6 +21.5%
4 Цөцгий, тн 3.1 3.4 +9.7%
5 Цөцгийн тос тн 157.4 143.7 -8.7%
6 Өтгөн цөцгий тн 260.6 155.9 -40.2%
7 Өрөм зөөхий тн 218.0 195.1 -10.5%
8 Шар тос тн 2.9 3.5 +20.7%
9 Бяслаг, аарц тн 106.9 139.9 +30.9%

Сүүний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А-45 дугаар тушаалаар баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу 2017-2020 онд 5 зорилтын хүрээнд нийт 50 арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулаад байна. Үүнд:

Орон нутгийн сүүний нөөцөд тулгуурлан байгуулах хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах практик сургалт, хэлэлцүүлгийг “MDM” ХХК-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус сургалтад Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгаас болон Улаанбаатар хотоос сүү үйлдвэрлэгчид, фермерүүд, хоршоологчид, сүүний салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүнийг хамруулсан.

Орон нутгийн сүүний нөөцийг ашиглан импортыг орлох, мөн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “MDM” ХХК-ийн боловсруулсан “Монгол хуурай сүү” төслийг дэмжиж, санхүүжилтын эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банкинд албан бичиг хүргүүлсэн. “Монгол хуурай сүү” төслийн анхны үйлдвэрийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-нд ашиглалтад оруулсан.

2018 онд орон нутагт хуурай сүүний 59 үйлдвэр ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил хийгдэхээр төлөвлөж байна. 59 үйлдвэр ашиглалтанд орсноор 1200 тн хуурай сүү үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээнд нийлүүлнэ. “Монгол хуурай сүү” төсөл үр дүнтэй хэрэгжсэнээр төвөөс алслагдсан бүс нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт 230 ажлын байр бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Аяны хүрээнд БНСУ-ын Хүнс, Хөдөө аж ахуй, орон нутгийн корпораци, Хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэн, Технологийн дээд сургууль хамтран 2017 оны 12-р сарын 08-ны өдөр “Сүү боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан. Сүү боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинээр ажлын байр бий болгох, оюутан, судлаачид судалгааны нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг боловсруулж Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулав. Энэ жагсаалтад мах, сүү боловсруулах үйлдвэрүүдэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг багтаасан.

Сүүний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилгоор “Сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуур” нийлүүлэх тендер шалгаруулалтыг зохион байгуулж, нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Мал хамгаалах санд шилжүүлсэн. Энэ арга хэмжээний дүнд сүүний хөргөлтийн танк 10 ширхэг, цахилгаан хөдөлгөөнт 144 ширхэг саалтуурыг сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, тэдний үйл ажиллагааг дэмжинэ.

Сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Дэлхийн сүүний өдөр” арга хэмжээг Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор 2017 оны 6-р сарын 01-10-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын сүүний нэгдсэн холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулав. Мөн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний үеэр хэрэглэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүний  эрүүл мэндийн ач холбогдлыг таниулж, өдөр тутмын тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх замаар үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон бүлэг хоршоодын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах боломжийг бүрдүүлэх, сүүний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Глобал Коммунитис ОУБ, НҮБ-ын ХХААБ, Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөл, Сүү боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран 2017 оны 09-р сарын 23-нд  “Сүү, сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэж эрүүл мэндээ дэмжицгээе”, “Сүүн хоолны үзүүлбэр” “Та сүүгээ уусан уу?” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.  

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам