Махны үйлдвэрлэл

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас улирлын шинж чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. 2015 оны урьдчилсан дүнгээр 14.5 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, хөдөө аж ахуйгаас 357.5 мянган тонн махыг  бэлтгэсэн нь өмнөх оныхоос 1.5 дахин буюу 68.5 хувиар нэмэгдсэн байна.  Үйлдвэрийн аргаар 17.5 мянган тонн махыг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 0.7 мянган тонноор нэмэгдэж, боловсруулалтын түвшин 4.9% байна. 2015 онд 5.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон нь 2014 оныхоос 2 дахин нэмэгдсэн байна.

2013-2015 онд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд “Махны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. 

Монголбанк болон ҮХААЯ хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А-166/А/24 дугаар тушаалаар баталсан дэд хөтөлбөр нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь заалт болон хөтөлбөрийн 1.2-т заалт: Хүнсний бараа, бүтээгдэхүүний агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэн, хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамжийн зах зээлд суурилсан байнгын тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм. 

Хөтөлбөрийн хэрэгжилт:

“Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онуудад давхардсан тоогоор нийт 7 компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан. Хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулж УБ хотын жилийн нийт махны хэрэгцээний 15.4 хувийг бүрдүүлсэн бол 2014, 2015 онд 16.2 хувийг бүрдүүлсэн байна. 

Түүнчлэн 2013 онд бэлтгэсэн нөөцийг 100 хувь Монголбанк санхүүжүүлсэн бол 2014 онд 80 хувийг Монголбанк санхүүжүүлж, үлдсэн 20 хувийг банк өөрийн эх үүсвэрээр, 2015 онд 60 хувийг Монголбанк санхүүжүүлж, үлдсэн 40 хувийг банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн. 

Хөтөлбөрийн үр дүн: 

2013 онд махны нөөц бэлтгэх, худалдан борлуулах явцад ҮХААЯ, ОБЕГ, МХЕГ болон Төрийн бус байгууллагууд хяналт тавьж ажилласан. Харин 2014 оноос эхлэн хяналтын тогтолцооны ялгаатай тал нь нөөцийн менежер тус бүр дээр банкны эдийн засагч байнгын давхар хяналт тавьсан. Ингэснээр цаашид Засгийн газар болон Монголбанкны оролцоогүйгээр нөөц бэлтгэлийн ажил үргэлжлэх, хяналтын болон үйл ажиллагаа тогтмолжих боломж бүрдсэн. Ийнхүү хөтөлбөрийн хүрээнд агуулахын үлдэгдэл, хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгож, банк барьцааны зүйлд /агуулах дахь маханд/ тогтмол хяналт тавьж ажилласнаар зах зээлийн механизмд шинэ хэрэгсэл бүхий байнгын тогтолцоог бий болгох зорилгыг хэрэгжүүлсэн. 

“Мах” хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор “Махны нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80 тэрбум төгрөг, экспортын зориулалттай мах махан бүтээгдэхүүн бэлтгэхэд шаардагдах 100 тэрбум төгрөг, нийт 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгасан билээ. 

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус яамнаас "Мах" хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх тухай Их хурлын 2015 оны 108 дугаар тогтоолыг гаргуулан, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 492 дугаар тогтоолоор “Мах хөтөлбөр” батлагдсан. 

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Мах” хөтөлбөрийн хүрээнд дамжуулан олгох зээлийн хэмжээг нийт 100 тэрбум төгрөг байхаар баталсан. 

“Мах” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2016 оны 3-7 дугаар сарын  хэрэгцээнд зориулан тогтвортой үнээр мах нийлүүлэх, “2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 500 тонноос багагүй хэмжээний махыг бэлтгэн зориулалтын хөргөлттэй агуулахад хадгалсан” аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, 25 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хаврын улирлын махны нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах зорилгоор ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А-38 дугаартай тушаалаар “Мах” хөтөлбөрт оролцох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, зарцуулалт болон махны чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Мал, мах экспортлох боомтууд, 2015 оны байдлаар

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам