Органик хүнсний үйлдвэрлэл

Монгол Улсын органик салбар

Монгол улсын хүн амд эрүүл мэндийг нь дэмжсэн, тэжээллэг, чанар сайтай хүнсийг тогтвортой  нийлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт  хөрс, ус, агаар, сав, шим ертөнц, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй,  мал амьтны тавлаг байдал, эрүүл, үржил шимт хөрсийг эрхэмлэсэн тогтвортой хөгжлийн  зарчмыг төлөвшүүлэх, ирээдүй хойч үедээ огцом өөрчлөгдөж буй байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицох болон өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа сайтай мал, амьтан, ургамлын үүлдэр, угсаа, сортыг бий болгон эрүүл, тогтвортой хүнсний нөөц, баялгийг өвлүүлэн үлдээх, малчин тариаланчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хамтрах, мэдлэгээ хуваалцах, харилцан хяналт тавих, хариуцлагыг өндөржүүлэх замаар хөдөө орон нутгийн хөгжлийн бат тогтвортой эх суурийг бий болгох нь Монгол улсын органик хөдөө аж ахуйн хөгжлийн үндсэн зорилт, алсын харааг тодорхойлж байгаа юм.

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээр га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч , аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл  маш чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна.

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг баталж, энэ хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” нэгдсэн том хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “...Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэсэн томоохон зорилтууд тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол улсад хэрэгжүүлж эхлэхэд  чухал түлхэц болж байна.  

Органик хүнсний тухай хуулийн эрх зүйн зохицуулалт нь Органик ХАА-н хөдөлгөөнүүдийн олон улсын  Холбоо (IFOAM), НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хороо (Codex Alimentarius Commission),  Олон улсын стандартчилалын байгууллага (ISO), ДХБ-ын Худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрийн 3 дахь хавсралт, НҮБ-ын Худалдаа ба хөгжлийн чуулганаас баталж, гаргасан зөвлөмж, бичиг баримтад үндэслэсэн болохоор Монгол улс олон улстай органик салбарт хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.  

Органик хүнсний тухай хууль нь “Нийтлэг үндэслэл”, “Органик үйлдвэрлэл”, “Органик хүнсний баталгаажуулалт, шошгололт, бүртгэл” гэсэн 3 бүлэг, 14 зүйлтэй бөгөөд  дараахь үндсэн харилцааг  зохицуулна. Үүнд:

  1. Хяналтын байгууллагад бүртгэлтэй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон малчин, тариаланчид   органик үйлдвэрлэлд шилжих нь сайн дурын хэрэг байхаар;
  2. Органик үйлдвэрлэлийг эрхлэхдээ а) Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын аль нэгэнд хүсэлтээ гаргаж, үнэлгээ хийлгэн, шилжилтийн үеийн хугацааг тогтоолгоод гэрээ байгуулахаар;
  3. Баталгаажуулалтын байгууллагаас гэрээг дүгнэн, үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа нь батлагдсан хууль, журам, стандартад нийцсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг нь баталгаажуулан, “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх нь нээгдэхээр;
  4. Баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцахаар;
  5. Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол улсад органикт тооцож, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг монгол болон гадаад хэлээр бичигдсэн байхаар;
  6. Органик үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам, хэрэглэх бодисын жагсаалт, органик хүнсний орц найрлагыг тооцох аргачлал, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага, баталгаажуулалт хийх журам, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар;
  7. Органик үйлдвэрлэлийн зарчим, үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага, үйлдвэр эрхлэгчийн эрх үүрэг, баталгаажуулалтын байгууллагын эрх үүрэг,   хуулиар хориглосон зүйл ашигласан бол  хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан болно.   

Органик үйлдвэрлэлд дор дурдсан зүйл ашиглахыг хориглосон. Үүнд:

  • хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис;
  • хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн; 
  • эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, үр төл;
  • айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, цэвэрлэх байгууламжийн лаг;    
  • цацрагийн боловсруулалт хийх; 
  • өсөлтийн даавар хэрэглэх. 

Бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх байгууллагыг тодорхойлж үүрэгжүүлэв.  Үүнд: 

a)    органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлсэн,   шилжиж чадаагүй, органик хүнсийг баталгаажуулах тухай гэрээ байгуулсан, баталгаажсан, гэрчилгээ олгогдсон, түдгэлзүүлсэн, баталгаажилтыг хүчингүй болгосон   аж ахуйн нэгжийн бүртгэл 
b)    үндэсний, экспорт, импортын органик   хүнсний бүтээгдэхүүний бүртгэл
c)    баталгаажуулалт байгууллагын бүртгэл зэрэг болно. 

Органик салбарын эрх зүйн зохицуулалтын хамгийн гол, цөм бол зах зээлд нийлүүлэх органик хүнсийг үнэн зөв баталгаажуулан, хэрэглэгчдэд хүргэх, буруу шошголсон бүтээгдэхүүнээс үүдэн хэрэглэгчид хохирохоос сэргийлэх асуудал байдаг. 

Органик хүнсний тухай хуульд зааснаар органик хүнсийг баталгаажуулах 3 түвшний байгууллага Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнд: 1/СХЗГ-аас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага 2/ Монгол Улсад бүртгүүлсэн, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллага 3/ харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын байгууллага. 

Энэ 3 төрлийн баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр Монгол улсын хэмжээнд хамгийн бодитой, богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой, орон нутгийн органик хүнсний зах зээл рүү чиглэсэн баталгаажуулалтын байгууллага бол оролцооны баталгаажуулалтын байгууллага юм. 

Энэхүү байгууллагын давуу тал нь: 1/ жижиг аж ахуй эрхлэгчдийг нэг зорилгод хуулийн хүрээнд нэгтгэж чаддаг 2/ нэг ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хоорондоо мэдлэг чадвараа хуваалцах, харилцан бие биендээ зөвлөгөө өгөх, суралцах, хяналт тавих, цаашдын үйл ажиллагаа уялдуулах, хамтын шийдвэр  гаргах зэрэг нөхцөл бололцоог бүрдүүлдэг. 3/ оролцооны батлагаажуулалтын байгууллагын гишүүд нь өөрсдөө баримтлах стандартууд, зөрчил гаргахад үүрэх хариуцлагаа тодорхойлдог учраас баталгаажуулалтаа шударга явуулж, бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаал хүртэх боломж нь бүрдсэн байдаг. 

Органик салбарын хөгжлийг хангах чиглэлээр 2014-2016 он, 2017 оны эхний улиралд хийсэн гол ажлыг тоймловол: 
    Органик хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих” TCP/MON/3503 төслийг хэрэгжүүлсэн.
    Органик хүнсний тухай хууль батлагдсан. 
    Органик хүнсний баталгаажуулалтын орон тооны бус шинжээчийн эрхийг 25 ажилтанд олгосон.
    Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мэдлэг олгох 12 сургалтыг зохион байгуулсан.
    Органик газар тариалан болон зөгийн аж ахуй эрхлэх сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд  Олон улсын зөвлөх Р. Гуннар,  Онг Кунг Вай газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгсөн.
    Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган, оролцооны баталгаажуулалтын сургалтыг НҮБ-ын ХХААБ, Монголын бүтээмжийн байгууллага хамтран  зохион байгуулж, төрийн, төрийн бус,  эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагууд, Олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 150 гаруй төлөөлөл оролцож, уриалга гаргав. Уриалгыг энд дарж үзнэ үү
    2017 оны 2 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд давхацсан тоогоор 270 орчим оролцогчидтойгоор Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах 7 журам, 1 аргачлалын төслийн танхимын 9 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам