Хүнсний аюулгүй байдал

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг  зохицуулж буй эрх зүйн актын хүрээнд бүрдэж байна. 

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой. 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд холбогдох яам, агентлаг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 10 гаруй төсөл, хөтөлбөр, мөн олон улсын байгууллага, гадаад орны 10 гаруй төсөл, олон улсын хүмүүнлэгийн төслүүд хэрэгжсэн, одоо хэрэгжиж байна. 

Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталж, 2011 оны 114 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр 2009-2016 онд хэрэгжиж дууссан. 

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү. 

Хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор цаашид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав. 

Чуулганыг угтаж дараах салбар хуралдааныг мөн зохион байгуулсан:

  • Мах, махан бүтээгдэхүүн, өндөг үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам;
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, савласан ус, ундаа, шүүс, ургамлын тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам;
  • Хүнсний ногоо, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганд хүнсний салбарын холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл 800 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын тогтвортой хөгжлийн хангах талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг энд дарж үзнэ үү.

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний  бага хурлын мэдээлэл

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, мөн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. 

Энэ өдрийг тохиолдуулан уламжлал болгон зарласан “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

“Хүнсний аюулгүй байдал-2017” бага хуралд оюутан, судлаачийн ангилалд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулиас нийт 33 илтгэл ирүүлсэн. Илтгэлийг эхний шатанд төрийн, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хянан үзсэн бөгөөд хянан үзэх шатанд шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

САВ, БАГЛАА БООДОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн талаар энд дарж үзнэ үү.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх уулзалтын мэдээлэл

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08.30-12.30 цагт ГХЯ-ны хурлын “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.  

Тус уулзалтад ач холбогдол өгч ОХУ, Франц, Чех, Турк, Кувейт, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Вьетнам  улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Мерси кор, Глобал коммунитис, Каритас Монгол зэрэг олон улсын байгууллага, манай улсад хэрэгжиж байгаа олон улсын хөтөлбөр, төслийн нэгжүүд, үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх яам, агентлагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын илтгэлүүд. 

  1. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн танилцуулга /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  2. Хүнсний зориулалтын бус савны хэрэглээ – хүний эрүүл мэнд /Эрүүл мэндийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийгэнд дарж үзнэ үү.
  3. Хуванцар сав – хог хаягдал – хүрээлэн буй орчин /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийгэнд дарж үзнэ үү.
  4. Хүнсний сав, баглаа боодол – стандартчилал /Стандарт, хэмжил зүйн газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  5. Хүнсний сав, баглаа боодол – хяналт, шалгалт /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  6. Хүнсний сав, баглаа боодол – хэрэглэгчийн боловсрол /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
  7. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын оролцоо /Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо “Заша өвс” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.

 

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын талаар энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам