Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх эрхзүйн үндэслэл.

Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ын 2.1.3 дахь хэсэгт аж үйлдвэрийг хөгжүүлэх I үе шат буюу 2016-2020 онд “Нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх”;

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  2.50 дахь заалтад “Хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ”;

“Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан төлөвлөгөөний  2.1.10 дахь заалтад “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх гэж; 1.1.8. дахь заалтад Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих гэж тус тус заасны дагуу  Монгол улсын Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг баталсан.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээгээр 2018 онд 30.5 сая хонь, 27.1 сая ямаа, 459.7 мянган тэмээ, 4.4 сая үхэр (үүнд 877.7 мянган сарлаг), 3.9 сая адуу, нийтдээ 66.2 сая мал тоологдсон ба ямаан сүргийн тоо толгой өмнөх оноос 222 мянган толгойгоор буурсан байна.

Монгол улс жилдээ 2019 оны байдлаар дунджаар 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 260 тонн сарлагийн хөөвөр, 33600 тонн хонины ноос бэлтгэх нөөцтэй. 

Түүхий эдийн нөөц, тн

  Түүхий эд 2015 2016 2017 2018 2019
1. Хонины ноос 25500 27400 30600 33000 33600
2. Ямааны ноолуур 7700 8300 9000 9600 9500
3. Тэмээний эм ноос 1050 1100 1200 1300 1400
4. Сарлагийн хөөвөр 200 220 240 250 260

Ноолуурын салбар:

Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшингийн дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байна.

Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр  59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна.  

2018 оны эхний байдлаар ноолуурын салбарт  13000 тонн ноолуур угаах, 6220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж, 4350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх, 1870 тонн самнасан ноолуураар 1680 тонн ээрмэл үйлдвэрлэх, 2.8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх, 2 мянган метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч,  угаах 82 хувь, самнах 33 хувь, ээрэх 40 хувь, сүлжих 60 хувь, нэхэх 65 хувьтай ашиглаж байна.  

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Ноолуур хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн,  техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх юм. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт нийт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт 5.7 дахин өсөх юм.

“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 20 аж ахуйн нэгжид нийт 188.2 тэрбум төгрөгийн  зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Үүний үр дүнд зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 1.3 дахин өсч, ноолуур боловсруулах салбарын түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшин 2017 онд 14.1 хувь байсан бол 2018 оны байдлаар 25.0 хувьд, суурь онтой харьцуулахад 35.8 хувьд хүрсэн. Эдгээр үйлдвэрүүдийн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадал 28.6 хувь, сүлжих үйлдвэрийн хүчин чадал 42.7 хувиар тус тус өсөж, нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна.

Салбарын дүнгээр авч үзвэл самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 239 тонноор, ээрмэл үйлдвэрлэлийн хүчин чадал 130 тонноор, сүлжмэл үйлдвэрлэлийн хүчин чадал 649 мянган ширхэгээр тус тус нэмэгджээ.

Гаалийн ерөнхий газрын 2018 оны статистик мэдээгээр Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 409 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 22.2 хувиар өссөн байна. 

Нэхмэлийн салбарын нийт экспорт

Ноолуурын салбарын нийт экспорт 390.2 сая ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн ба угаасан ноолуурын экспорт өмнөх оноос 2.3 хувиар буурч, самнасан ноолуурын экспорт 8.45 хувиар, бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.5 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Ноосны салбарын мэдээлэл: 

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, 4 нэхэх үйлдвэр, 8 ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх 1 үйлдвэр, 19 угаах үйлдвэр, 16 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, 169 эсгийлэх үйлдвэр, нийт 291 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 

Ноосны салбарт 37000 тонн ноос угаах, 1700 тонн ноос самнах, 2440 тонн ээрмэл, 934 мянган ширхэг сүлжмэл, 492  мянган метр нэхмэл, 600 мянган м.кв ноосон нарийн  даавуу, 1.6 сая метр хивс, 1.6 мянган м.кв нэхээсгүй эдлэл, 2.3 сая м.кв эсгий, 804 мянган м.кв барилгын дулаалгын материал, 2000 тонн ноосон бордоо тус тус үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан. Энэхүү хүчин чадлын ашиглалтыг авч үзвэл угаах 41 хувь, самнах 51 хувь, ээрэх 46 хувь, сүлжих, нэхэх 48 хувь, хивс 45 хувь, нэхээсгүй эдлэл 57 хувь, эсгий  61 хувь, ноосон дулаалгын материал 5 хувийн ашиглалттай байна. 

2011 онд батлагдсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 30-р тогтоол нь үндэсний үйлдвэрлэлд түүхий эдээ тушаасан малчинд урамшуулал олгож, үндэсний үйлдвэрлэлд түүхий эдийн урсгалыг чиглүүлснээр ноос боловсруулах салбарт хөгжлийн шинэ үеийг авчирсан.

Хөдөө орон нутагт угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, өртөг багатай, чанартай бүтээгдэхүүнээр орон нутгийн хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулж байна.  Мөн хямд түүхий эд ноосоор үйлдвэрлэж болох шинэ бүтээгдэхүүний санаа, санаачлага, технологийг эрэлхийлэх, сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн. Тухайлбал хялгасыг ялгасан ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хаягдал ноосыг ашиглан барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, шатдаггүй, биед наалддаггүй зэрэг онцгой чанар бүхий тэмээний ноосон даавуу, био бордоо зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж байна.

Шинээр ашиглалтад орсон:

  • Хөвсгөл аймагт 3000 тн ноос угаах, 150 тн ноос самнах 
  • Говьсүмбэр аймагт 3000 тн ноос угаах, 200 тн ноос самнах 
  • Өвөрхангай аймагт 3000 тн ноос угаах, 360 тн самнасан ноос үйлдвэрлэх 
  • Төв аймагт 3000 тн ноос угаах, 200 тн ноос ноолуур самнах
  • Төв аймагт 18/1-100/2 номерын 200 тн нарийн ноосон ээрмэл утас үйлдвэрлэх 
  • Дархан-Уул аймагт 124 мян.м² барилгын ноосон дулаалгын материал үйлдвэрлэх 
  • Улаанбаатар хотод 360 мян.м² барилгын ноосон дулаалгын материал үйлдвэрлэх 
  • Улаанбаатар хотод 320 мян.м²  барилгын ноосон дулаалгын материал үйлдвэрлэх 
  • Архангай аймагт 2500 тн ноос угаах
  • Баянхонгор аймагт 2000 тн ноос угаах /гүйцэтгэл 90%
  • Хэнтий аймагт 1000 тн ноос угаах 
  • Орхон аймагт нанотехнологийн аргаар боловсруулсан даавуу үйлдвэрлэх
  • Төв аймагт 2000 тн ноос боловсруулж ноосон бордоо үйлдвэрлэх 
  • Улаанбаатар хотод 100 тн самнасан ноос үйлдвэрлэх иж бүрэн шугам
  • Улаанбаатар хотод ноосон даавуу үйлдвэрлэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрийн иж бүрэн шугам
  • Хөдөө орон нутагт 70 гаруй эсгий, эсгий эдлэлийн жижиг үйлдвэр 
  • Улаанбаатар хот, Орхон аймагт 452 мян.ш сүлжмэл үйлдвэрлэх хүчин чадалтай 16 үйлдвэр тус тус шинээр ашиглалтанд орсон.

Эдгээр үйлдвэрүүд нийт 5500 орчим ажлын байр бий болгож байна. 

Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам