Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Хувцас үйлдвэрлэлийн салбар 2017 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 48,1 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 48,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна. 

Сүүлийн жилүүдэд үндэсний хувцас, пальто, жинсэн хувцас, спорт хувцасны үйлдвэрлэл амжилттайгаар өргөжин тэлж байгааг онцолж байна. Говь компанийн пальтоны үйлдвэр шинээр ашиглалтад орсноор борлуулалтын өсөлт 38% болсон ба цаашид сүлжмэл болон гүйцэтгэн боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлж нийт түүхий эдийн 20 хувийг дангаар эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байна. Урбан жинс компанийн хувьд үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлснээр өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл хөгжүүлснээр сүүлийн 4 жилд борлуулалт нь 3 дахин өссөн байна.

Оёдлын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг 100 хувь импортоор авдаг байсан бол шинээр нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орсноор Монгол хонины ноосон болон хагас ноосон даавуугаар сурагчийн дүрэмт хувцас, цэрэг цагдаа, хүчний байгууллагын дүрэмт хувцас болон бусад хувцас хэрэглэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломж нээгдэж байна.

2013-2016 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг монгол хонины ноосон даавуугаар үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж нийт сурагчдын 76 хувийг хангаж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн 2017 онд цэрэг цагдаа хүчний байгууллага болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад 5 орчим тэрбум төгрөгийн ажлын болон дүрэмт хувцас, эдлэлийг үйлдвэрлэн нийлүүлсэн.

Оёдлын үйлдвэрүүд жижгэрсэн, хүчин чадал муу байгаатай холбоотой олон тоогоор захиалах гадаад захиалгыг үйлдвэрлэх чадамжгүй байгаа тул Засгийн Газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оёдлын үйлдвэрүүдийг кластераар хоршин ажиллах замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, франчайз үйлдвэрлэлийг нутагшуулан экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлэхээр Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт тусгасан.
 

Хүний хувцасны хэрэглээний 70 хувь нь оёмол хувцас байдаг.  Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг,  нийгмийн бага болон дундаж давхаргын иргэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг,  ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  салбар юм. 

Оёдлын салбарын онцлог нь  оёмол бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэх үндсэн болон туслах материалыг  100 хувь импортоор авдаг. 

Оёдлын салбарын  өнөөгийн байдал тоон  үзүүлэлтээр:

Шинэчлэлийн засгийн газрын  үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр, ажлын байрыг нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг  хэрэгжүүлэхэд Оёдлын салбар нь хамгийн олон ажлын байр бий болгодог салбар тул бодлогоор дэмжиж импортын оёмол бүтээгдэхүүнийг бууруулах, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортлох  зорилт тавин ажиллаж байна.

Оёдлын салбар нь 1999-2005 онуудад экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бөгөөд тухайн үед 30,0 гаруй мянган хүн ажиллаж байсан бөгөөд гадны хөрөнгө оруулагчдын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Харин өнөөгийн нөхцөлд  үндэсний үйлдвэрүүд өөрсдөө гадаад захиалга авах, гүйцэтгэх чадамжтай болсон төдийгүй  дотоодын хэрэгцээт  уул уурхай, хүчний байгууллага, бүх салбарын төрөл бүрийн  ажлын хувцас, дүрэмт хувцасуудыг үйлдвэрлэж байна. 

Бий болсон боломж, туршлагад тулгаарлан “Оёдлын салбарыг  2012-2016 ондуудад  үндсэн 2 чиглэлд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр “Импортыг орлох болон экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх зорилт:

1. Салбар хоорондын уялдааг сайжруулах, түүхий эд материалын импортоос хараат байдлыг бууруулах. 

  • Үндсэн болон туслах материалын үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох,
  • Нэхмэлийн салбарт даавуу, материалын үйлдвэрлэлийг бий болгох /нэн түрүүнд сурагчийн дүрэмт хувцас болон ажлын хувцасны  үндсэн материалыг дотооддоо үйлдвэрлэх/
  • Туслах материалын үйлдвэрлэлийг бий болгох /товч, цахилгаан, шошго гэх мэт/

2. Олон улсын стандартад нийцсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх: 

  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх/ хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн батлан даалт, төрөөс батлан даах/
  • Ажилтан, ажиллагсдын чадавхижуулах, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, гадаадын ижил төстэй үйлдвэрүүдтэй дадлага хийх,  

3. Оёдлын үйлдвэрлэлийг чадавхижуулах, кластераар /жижиг үйлдвэрүүд хорших, төрөлжүүлэх замаар/ хөгжүүлэх стратеги боловсруулах, 

4. Монгол хүний хэмжил зүйн судалгааг орон даяар хийж, биеийн хэмжээний стандартыг батлуулах, түүнийг масс үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдүүлэх,

5. Олон улсын стандартад нийцсэн азийн болон Европын орны иргэдийн биед таарсан суулт тохироо сайтай хувцас үйлдвэрлэн экспортлох, 

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам