Хөнгөн үйлвэрийн салбарын бодлого

1. Салбарын урт хугацааны зорилт

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” бүлгийн Аж үйлдвэрийн бодлогын Зорилт 1-т Аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх гэж заасан.

Уг зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн:

I үе шат (2016-2020): Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх.

II үе шат (2021-2025): Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 25 хувьд хүргэж, дэвшилтэт технологи, инновацид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 70 хувьд хүргэх.

III үе шат (2026-2030): Бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи, инновацид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 80 хувьд хүргэх.

2. Салбарын дунд хугацааны зорилт, бодлого

УИХ-ын 2015 оны 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тус бодлогын зорилго нь дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.

2.1 Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
•    Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
•    Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал"-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах;
•    Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор төлөвлөн хэрэгжүүлэх;
•    Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих;
•    Дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, эдийн засаг, нийгмийн үр ашиг бүхий боловсруулах, дахин боловсруулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих;
•    Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
•    Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
•    Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх.

2.2 Бодлогыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлнэ:
I үе шат /2015-2020 он/: Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
II үе шат /2020-2025 он/: Экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
III үе шат /2025-2030 он/: Мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ.

2.3 Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:
•    Хүн амын амьжиргааны түвшин сайжирч, үндэсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.
•    Үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангасан экспортлогч орон болж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
•    Боловсруулах болон үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2014 оны түвшнээс 2 дахин нэмэгдсэн байна.
•    Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээ хөгжинө.
•    Судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
•    Аж үйлдвэрийн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, экспортын зах зээл өргөжинө.
•    Үндэсний түүх, соёлын онцлогийг агуулсан, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, соёлын нөлөө олон улсад бэхэжсэн байна.

3. Салбарт хэрэгжиж буй хөтөлбөр

  1. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр
  2. “Ноолуур” хөтөлбөр

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал

Манай улсад хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Ажиллах хүчний судалгаагаар үйлдвэрлэлийн салбарт 200 гаруй мянган хүн бүртгэлтэй байгаа боловч 2016 оны 7 дугаар сард байдлаар 43 мянган хүн ажиллаж байна. 2016 оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 4 их наяд 925 тэрбум төгрөг болж, үүний дотор боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь 21,4 % буюу 1 их наяд 56 тэрбум төгрөг байна. Энэ нь ноднингийн мөн үетэй харьцуулбал 15,2 %-иар буурсан байна. 

Энэ хугацаанд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулалт 5 их наяд 679 тэрбум 200 сая төгрөгт хүрч, үүний 63 % буюу 3 их наяд 575 тэрбум төгрөгийн гадаад зах зээлд борлуулсан байна. Дээрх дүнд  боловсруулах үйлдвэрийн салбар 19,7 %-ийг эзэлж  байгаа бөгөөд 1 их наяд 121 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байгаа нь өмнөх 2015 оны мөн үетэй харьцуулбал 2,7%-иар буурчээ. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны эхний хагас жилд: 2010 оны зэрэгцүүлэх үнээр: 7169.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 %,Оны үнээр: 10989.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 %-иар тус тус өслөө.  Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 4.4 хувь, үүнээс уул уурхайн салбарынх 9.1 хувь, хөдөө аж ахуйн салбарынх 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилд нийт 135 мянган аж ахуйн нэгж бүртгэгдснээс 68 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 9.6 хувиар өссөн байна.

Эдгээрээс худалдааны салбарт 25,6 мянга нь хамаарч байна. Дотоод худалдааны борлуулалт 2016 оны эхний хагас жилд 5 их наяд 297 тэрбум төгрөг болж 1,8 %-иар өсчээ. Гэхдээ бөөний худалдаа 10,8%-иар өсч, жижиглэн худалдаа 7,5%-иар буурсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам