Гадаад хамтын ажиллагаа

Өнөөгийн байдал:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016 оны байдлаар Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбоо, Мянганы сорилтын сан, зэрэг олон улсын санхүүгийн болон хөгжлийн 14 байгууллага, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, АНУ, БНСВУ, БНАЛАУ, БНАСАУ, ХНБГУ, Франц, Итали, Болгар, Израиль, Турк, Австрали, Шинэ-Зеланд зэрэг 17 оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын дунд, урт хугацааны хөгжлийн стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарт техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласны үр дүнд 2016 онд нийт 41 сая америк долларын 8 төсөл, хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байна.

2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монгол – БН Унгар, Монгол- БН Болгарын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг тэргүүлдгийн хувьд хурлыг амжилттай удирдан явуулж эдгээр улс орнуудтай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын харилцааг өргөжүүлэв.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Протокол болон Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улс оронд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын чиглэлээр оруулсан заалтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нэгтгэн тухай бүрт тайлагнан ажиллаж байна.

ХХААЯ-ны удирдлагуудын БН Беларус Улс, ХБНГУ, Франц, БНХАУ, БНСУ, БНБолгарУ, Унгар Улс зэрэг улсуудад хийсэн ажлын айлчлалыг зохион байгуулан, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд:

Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тус салбарын бодлогыг танилцуулан цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

Дээрх хамтран ажилладаг Олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын танилцуулга”-ыг нэгтгэн англи, монгол хэл дээр боловсруулан дипломат төлөөлөгчидийн газруудад хүргүүллээ.

НҮБ-ын ХХААБ, ХААХОУС

Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын санд Монгол Улсыг төлөөлдгийн хувьд эдгээр байгууллагатай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж байдаг.
Тус байгууллагатай хамтран 1974-2009 он хүртэл 9,0 сая ам долларын төсөл хэрэгжүүлж байсан бол НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгчийн газрыг 2009 онд Монгол Улсад байгуулснаас хойш хамтын ажиллагаа өргөжин 2009-2016 онд төсөл, хөтөлбөрийн санхүүжилт 22,879,200 сая ам.долларт хүрсэн.
Цаашид тус байгууллагын техник туслалцааг авах замаар өөрийн орны үржил шимтэй өргөн уудам газар нутаг, олон сая малын нөхөн төлждөг баялагтаа тулгуурлан дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах, хүнсний томоохон нөөц, бааз улс болох, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах томоохон зорилтыг тодорхойлон ажиллаж байна.
НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг 2014 оны 03 сард Монгол Улсад өндөр хэмжээнд зохион байгуулж өөрийн орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, бүс нутгийн хэмжээнд өөрсдийн байр суурийг бэхжүүллээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай 1997-оноос “Зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах”, “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийн гурав дахь шатны хөтөлбөр болох нийт 11,5 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг хэрэгжүүлж байна.Энэ онд НҮБ-ын ХААХОУ-ын санд Сангийн яамаар дамжуулан төслийг сунгах, шинээр хэрэгжүүлэх саналыг тавьж 9 сая долларын санхүүжилтээр дараагийн шат хэрэгжихээр болоод байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортлох боломж бүрдүүлэх арга хэмжээ

Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн яамны газрын даргын түвшний ажлын хэсгийн хурлыг 2015 оны 04 дүгээр сард БНХАУ-д, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдын түвшний 3-р хурлыг энэ оны 7-р сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.
Дээрх хурлыг зохион байгуулсаны үр дүнд Монгол Улсаас БНХАУ-д Адууны ясны гурил, адууны махан бууз, банш, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хорио цээр, ариун цэврийн нөхцлийг тус тус тохироод байна.
Түүнчлэн Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл, худалдан авагчдад таниулах зорилго бүхий үзэсгэлэн яармагийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотуудад тус тус зохион байгуулж монгол, хятадын нийт 8800 орчим иргэн аж ахуйн нэгж оролцсон томоохон арга хэмжээ болов.
Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хорио цээр, ургамал хорио цээрийн тусгайлсан бүлэг хэлэлцээг айлын талтай хийж дууссан бөгөөд дээрх хэлэлцээрийг Монголын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд танилцуулах арга хэмжээг 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулж Монгол- Японы Хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо 2015 оны 06 дугаар сард зохион байгуулан Япон, Монголын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцсон арга хэмжээ болсон бөгөөд цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Чита хотноо 2015 оны 11 дүгээр сар 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хурлын хүрээнд мөн сарын 23-ны өдөр хоёр орны “Хөдөө аж ахуйн салбарын хамтарсан ажлын хэсгийн II дугаар хуралдаан”-ыг зохион байгуулав.
Япон Улсын Шизүока Мужид зохион байгуулагдах “Фүжи уулын үзэсгэлэн” хүнсний экспод монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг зохион байгуулав.
Үзэсгэлэнд япон улсын хүнс, газар тариалангийн нийт 350 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан оролцов. Монголын талаас Тесо ХХК, Жавхлант групп ХХК-нууд өөрсдийн бүтээгдэхүүн болох гурил, гоймонгоо танилцуулав. Энэ үеэр монголын хөрсөнд ургасан гурвалжин будаагаар хийсэн гоймонгийн амталгааг хийж оролцогчдод танилцууллаа.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн зохион байгуулсан Олон улсын хурал, сургалт - арга хэмжээ

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар хурлыг 2014 оны 03 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (Дмаэмб)-ын Ази, Номхон Далайн Бүсийн 29 Дүгээр Чуулганыг 2015 оны 9 дүгээр сарын 14-18 хооронд Улаанбаатар хотноо болж, Ази, номхон далайн 27 орны 80 гаруй төлөөлөгчид оролцов.
Төв Ази, Кавказын Загасны аж ахуйн хоороны 4 дэх удаагийн уулзалт 2015 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж нийт дотоод гадаадын нийт 60 гаруй төлөөлөгчид оролцов.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт” 06 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж олон улсын түвшинд өөрийн орны нэр хүндийг өсгөв.
Энэхүү уулзалтад Их Британи, Малайз, ОХУ, Испани, Швейцарь, Вьетнам, Австрали, Болгар, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Казахстан, БНСУ, Монгол гэсэн АСЕМ-ынгишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэв.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг чадавхжуулах ажлын хүрээнд өндөр хөгжилтэй Япон, Солонгос, БНХАУ, ОХУ зэрэг улс орнуудад мэргэжил дээшлүүлэх туршлага судлах, технологи эзэмшүүлэх сургалтууд мэргэжилтэнүүд болон төр болон төрийн бус байгууллагын хүмүүсийг өргөнөөр хамруулсан байна.

 

Түнш орнуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа:

Монгол Улс - Оросын Холбооны Улс:

Тариф тэглэх хэлэлцээр:

  • “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад экспортлох зарим бараа, бүтээгдэхүүнд ноогдуулж буй тарифыг тэглэх тухай Монгол Улсын засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг айлын талд 2014 оны 08 дугаар сард хүргүүлсэн ба тус хэлэлцээрийг байгуулах хэлэлцээг эхүүлэх хүсэлтийг Оросын талд ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар тус тус дамжуулан хүргүүлээд байна. Гэвч Евразийн эдийн засийн комисс байгуулагдах шийдвэр гарч МУ-ын Засгийн газар тус комисстой хамтын ажиллагааны Хэлэлэцээр байгуулж хамтран ажиллахаар болсон.

Махны экспорт:

  • ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 2014 оны 10 дугаар сард ОХУ-д айлчлан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар яриа хэлэлцээ хийгээд ирсэн.
  • 2014 оны 09 дүгээр сард ОХУ-ын мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн албанаас хийсэн аттестатчилалын ажлын дүн гарч 2 үйлдвэр тэнцэж 8 үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Гаалийн Холбооны зах зээлд экспортлохыг түр хугацаагаар хязгаарласан.
  • Үүнтэй холбогдуулан ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн тайланг айлын талд Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран хүргүүлсэн ч ирүүлсэн материал дутуу, зарим баримт шаардлага хангаагүй тул материалыг дахин бүрдүүлж 2015 оны 05 сард хүргүүлсэн.
  • Монгол Улсын махны нөөц, экспортлох боломж, махны үйлдвэрүүдийн мэдээлэл, хүчин чадал зэрэг холбогдох бүхий л мэдээллийг айлын талд хүргүүлсний дагуу 2016 оны нэгдүгээр улиралд 2 үйлдвэрийн эрхийг нээж өгсөн байна.

Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат:

  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурал 2014 оны 08 сарын 28-нд болсон ба уг хурлын протоколд Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгагдсан болно.
  • Үүнтэй холбогдуулан Монголын ажлын хэсэг хөтөлбөрийн монголын талын саналыг Оросын талд хүргүүлж, улмаар тус хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг Оросын талаас шийдвэрлүүлэхээр хүссэн болно.
  • Оросын тал буцалтгүй тусламж авах асуудлыг МУ-ын Засгийн газраас тавихийг шаардсан тул хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийн дагуу МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилгээс ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевт 2015/08/28-ний өдрийн 45 тоот албан бичгээр хүсэлтийг хүргүүлсэн болно.

Үр тарималын шинэ сорт гаргах, нутагшуулах:

  • ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай Монголын цаг уурын нөхцөлд тохирсон, эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. /Хоёр орны хоорондын ЗГХК-ын ХАА-н ажлын хэсгийн анхдугаар хурлын протокол./
  • Үүнтэй холбогдуулан хөтөлбөрийн төслийг боловсруулах улмаар хэрэгжүүлэх Монголын талын ажлын хэсэг байгуулагдаж саналаа боловсруулан ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар тус тус дамжуулан айлын талд хүргүүлсэн.
  • Хөтөлбөрийн төслөө эцэслэх зорилгоор 2014 оны 12 дугаар сард багтаан экспертийн багийг Улаанбаатар хотод илгээх хүсэлтийг тавьсан боловч санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай бичиг ирүүлж шийдвэрлэсний дараа ажлын хэсэг ажиллуулахаар болсон.
  • Тус хөтөлбөрийг ОХУ-ын буцалтгуй тусламжаар хэрэгжүүлэх хүсэлтийг айлын талд хүргүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан, Хуралдааны тэмдэглэлийн дагуу Гадаад хэргийн яамнаас Оросын талд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн К/14-472 тоот ноот бичгээр хүргүүлэв.

Мал эмнэлэгийн хамтын ажиллагаа:

  • Хил дамнасан малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх зорилгоор 2011 оны 9 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо ОХУ-ын ХААЯ-ны Мал эмнэлэгийн газар, Монгол Улсын Мал эмнэлэг, үржлийн газар хамтран уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уузлалтад хил залгаа аймгуудын мал эмнэлэгийн албаны дарга нар оролцсон болно.
  • Мөн 2012 оны 2 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын мал эмнэлэгийн албадын Анхдугаар хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар Хил дамнасан малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх боломжийн талаар ярилцан, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Хоёрдугаар хурлыг 2013 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Владимир хотноо зохион байгууласан бөгөөд дараагийн уулзалтыг БНХАУ-д зохион байгуулсан билээ.
  • Монгол, Орос, Хятадын мал эмнэлгийн албадын 5 дугаар хурал 2015 оны 9 сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Талууд хил дамнасан малын гоц халдварт өвчнийг бууруулахад хамтран ажиллах талаар Протоколд гарын үсэг зурав.

Монгол Улс - Бүгд Найрамдах Хятад Ард Улс:

Хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ юуны түрүүнд хөрш зэргэлдээ БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн орны нөөц, боломж түншлэгч орны давуу талыг харгалзан харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтын ажиллагааг шинээр болон сэргээн, төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн хурал:

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн 6 дугаар хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулсан. Тус хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгон мах экспортлох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургалтад хамруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурал:

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 14 дугаар хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Комиссын хурлын үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Ху Чөн нар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 14 дүгээр хуралдааны протокол”-д гарын үсэг зурсан. Уг хуралдаанаар БНХАУ-ын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын баруун бүсэд худалдааны хорио цээргүй өвчингүй бүсийн статус олгож Монголоос Хятад руу түүхий мах экспортолж эхэлснийг дурдан Хятадын талаас тогтоосон төвийн бүсийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өвчингүй бүс болгох чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн тавив.

Монгол-Хятадын Хөдөө аж ахуйн дэд сайдын түвшний уулзалт:

Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны Монгол-Хятадын Дэд сайдын түвшний гуравдугаар уулзалтыг 2015 оны 7 дугаар сарын 8-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж дараах тохиролцоонд хүрэв. Үүнд:
Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж үзэглэв.
Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д адууны ясны гурил экспортлох хорио цээр, ариун цэврийн шаардлагын тухай протоколд гарын үсэг зурж үзэглэв.

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд:

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2015 оноос хойш 125 морины хүчтэй трактор-90 ширхэг, 8 тн-ын чиргүүл 90 ширхэг, 165 морины хүчтэй трактор 42 ширхэг, үр тарианы комбайн 51 ширхэгийг тариаланчдад хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улс - Япон Улс:

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь Монгол Улсын томоохон Донор орны хувьд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, хөгжлийн судалгааны хэлбэрээр тус салбарыг сэргээн хөгжүүлэх, Хүнсний хангамж, үйлдвэрлэл, хөдөөгийн усан хангамжийг сайжруулах, ХАА-н салбарын холбогдох байгууллагуудын болон боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ.

Ялангуяа Хүнсний хангамжийг сайжруулах КР-1 төслийг 1991 оноос хойш тасралтгүй, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх КР-2 төслийг 1992-1999 он хүртэл хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахын зэрэгцээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллагааг хангах, хүмүүсийг ажилтай байлгахад ихээхэн хувь нэмрээ оруулж байдаг бөгөөд энэхүү олон ач холбогдлыг нь харгалзан Японы талаас улаан буудай нийлүүлсэн. 2008 онд 400 сая иений үнэ бүхий нийт 10,000 тонн улаан буудайг нийлүүлж дууссан бөгөөд 2010 онд 510 сая иений 9737 тн хүнсний цагаан будаа, 2012 онд 810 сая иений 16130 тн хүнсний цагаан будааг тус тус хүлээн аваад байна.

Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хорио цээр, ургамал хорио цээрийн тусгайлсан бүлэг хэлэлцээг айлын талтай хийж дууссан бөгөөд дээрх хэлэлцээрийг Монголын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчидэд танилцуулах арга хэмжээг 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулж Монгол- Японы Хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо 2015 оны 06 дугаар сард зохион байгуулан нийт Япон, Монголын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцсон арга хэмжээ болсон бөгөөд цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам – Япон Улсын Шизүока, Хоккайдо мужуудтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд гурвалжин будааг туршилтаар тарих бэлтгэл ажлыг ханган ажиллахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын төлөөллийг үйлдвэрлэлийн дадлагжигч ажилтнаар сургах арга хэмжээг зохион байгуулахаар айлын талтай тохиролцож байна. 

2016 оны 08 дугаар сард Шизүока мужын захирагч болон албаны төлөөллийг хүлээн авч хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг хийн хамтарсан “Бизнес форум-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Яам хоорондын хурал:

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг зөвлөлдөн ярилцах зорилгоор газрын даргын түвшинд яам хоорондын “Техникийн уулзалт”-ыг жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулж байна.
2007 оноос эхлэн яам хоорондын техникийн зөвлөлдөх уулзалтыг Монгол-Япон хоёр оронд одоог хүртэл 6 удаа амжилттай зохион байгуулагдаж салбарын тулгамдсан асуудал, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт, салаа туурайтан мал, амьтны дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортын нөхцөл тохирох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.

Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, арга хэмжээ:

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан НОТ хэлэлцээрийн дагуу Япон Улсын 2009 оны санхүүгийн жилийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн 570.0 сая иенийн 9737 тн цагаан будааг хүлээн авч борлуулж хуримтлалын санг бүрдүүлэв.
Японы Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны “Мал аж ахуй, газар тариалангийн хосолсон аж ахуйн менежментийг нэвтрүүлэх, экстейншний үйлчилгээг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж дууссан бөгөөд Төслийн зорилго нь: төсөлд хамрагдсан бүс нутагт мал аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх механизм боловсронгуй болж, экстейншиний үйл ажиллагааг төв болон орон нутгийн түвшинд бэхжихэд хувь нэмрээ оруулах юм. Тус төсөлд Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудийн нийт 14 сум хамрагдсан болно.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын 2011 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан НОТ хэлэлцээрийн дагуу Япон Улсын 2010 оны санхүүгийн жилийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн 810.0 сая иенийн 16130 тн цагаан будааг хүлээн авч борлуулан хуримтлалын санг бүрдүүлэв. 
2015 онд Япон Улсын Засгийн газрын КР-1 хүнсний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны хэрэглээг төлөвшүүлэх нь“ төслийг хэрэгжүүлэн 1 тонн бордооны үнийг 400.000,0 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож, 75 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг 2016 оны намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр худалдан борлуулсан бөгөөд нийт 7,931.3 тонн бордоог 377 аж ахуйн нэгж, иргэдэд олгосон байна.
Японы Жайка байгууллагын шугамаар хэрэгжих “Хүнсний ногоо шууд борлуулах цэг байгуулах, хөрсний үржил шим сайжруулах төсөл”-ийг эхлүүлж, “Зөгийн аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн техникийн уулзалтыг зохион байгуулав.

Монгол Улс - Бүгд Найрамдах Солонгос Улс:

Яам хоорондын хурал:

Монгол-БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын ээлжит 6 дугаар хурлыг 2015 оны 4 сарын 02-03-ны өдрүүдэд БНСУ-ын Сэжүн хотноо зохион байгуулав. Уг хуралдаанаар Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн малын халдварт өвчин, шүлхий, шувууны томуутай тэмцэх чиглэлээр өмнө хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бэлтгэгдсэн боловсон хүчин, материаллаг баазыг түшиглэн хамтарсан тандалт судалгаа хийх ажлыг дэмжих, гахай, шувууны өвчний оношилгооны чиглэлээр Монголын талаас мэргэжилтэнүүдийг сургалтанд хамруулахаар тохиролцов.

Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, арга хэмжээ:

Хөдөө аж ахуйн салбарт Солонгосын өндөр технологийг дамжуулах зорилгоор “КОПИА-Монгол төв”-ийг байгуулан тус төвийн шугамаар “Буудайн элит үр гаргах, үр үржүүлэх”, “Бургалтай” сортын олон наст тэжээлийн ургамлын үр үржүүлэх, “Тэжээл, тэжээллэгийг сайжруулан мах, ноосны хонины ашиг шим, удамшлын чанарыг дээшлүүлэх” төслүүдийг тус тус хэрэгжүүлж эхлэв.
БНСУ-ын Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга байгууллагын шугамаар хэрэгжүүлдэг Пан Азийн төслүүдийн нэг болох Агрометрологийн мэдээлэлийн сүлжээг бий болгох сэдэвт олон улсын семинарыг Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.
БНСУ-ын Хөдөөгийн эдийн засгийн хүрээлэнтэй хамтран “Монголын алслагдмал хөдөө орон нутагт экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд монгол, солонгосын хамтарсан судалгааны багийг байгуулж төслийн сэдвийн дагуу хамтарсан судалгаа хийх, хөдөөгийн эдийн засаг, хөгжлийн чиглэлээр монголын хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин сургах, бэлтгэх, хамтарсан сургалт семинаруудыг зохион байгуулах юм.

Монгол Улс - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс:

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Вьетнамын Үйлдвэр, худалдааны яам хооронд Үйлдвэр, худалдааны хамтын ажиллагааны дэд хороог байгуулах тухай Санaмж бичгийн төслийг боловсруулан Вьетнамын талд хүргүүлэв. Санамж бичгийн төслийг урьдчилсан байдлаар тохиролцсон.
Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн холбоо, хувийн хэвшил зэрэг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн БНСВУ-д хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаатай танилцах, яриа хэлэлцээ явуулах ажлын айлчлалыг зохион байгуулж мөн Монгол, БНСВУ-ын хамтарсан Бизнес форумыг Ханой хотноо 2014 оны 4-р сард зохион байгуулав.
Монгол-Вьетнамын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д 2013 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчалын үеэр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх, экспортлох ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. БНСВУ-д Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлох зорилтын хүрээнд, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, эрсдлийн үнэлгээ, аттестачлал хийлгэх зорилгоор тус улсын мал эмнэлэг, хорио цээрийн мэргэжилтнүүдийг хүлээн авч хамтран ажиллах тухай урилгыг хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Вьетнамын мал эмнэлгийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч нийслэл болон баруун бүсийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан аттистатчилал явуулсан.
Уг аттистатчилалд дулааны аргаар боловсруулсан мах, хиам, хиаман бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийг Преком, Траст Трейд, Хатан сүйх импекс, Мах маркет зэрэг компаниуд, харин хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийг Преком, Тайж группийн Само макс, Дархан мах, Завхан мах экспо зэрэг компаниуд тус тус зөвшөөрөгдөөд байна.

Монгол Улс – Европын Холбоо

Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн салбарт “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслийг 2008-2012 онд Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ төсөл нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хөдөө аж ахуйн их сургууль, Биокомбинат, хэрэгжиж буй аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн лабораторид оношлогоо шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, аж ахуйн нэгжүүдэд мах, сүү бэлтгэх, боловсруулах тоног төхөөрөмжийг нийлүүлэн, малчид, мэргэжилтэнгүүдэд олон сургалт семинарыг зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд мал эмнэлгийн байгууллагын мал, амьтны өвчнийг түргэн шуурхай оношлох, өвчнөөс сэргийлэх, эмчлэх чадавхи сайжирч, мах, сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах лабораторийн чадавхи дээшилсэн болно.
Монгол Улсын Засгийн газар болон Европийн холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжих бэлтгэл хангагдаад байна.
Уг төсөл нь нийт 4.15 сая евро (9.48 тэрбум төгрөг)-ны санхүүжилттэй бөгөөд төслийг Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (АҮХБ) хамтран 2016 – 2019 оны хооронд хэрэгжүүлэх юм. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам тус төслийн гол хамтрагч тал бөгөөд цаашид Европийн холбооны санхүүжилт бүхий төслүүдийн хүрээнд Монгол Улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон тус улсын стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах юм. 
2013 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын нийгэмлэгийн хурлын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсны дагуу хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны боломжийг судлахаар Европын холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд мөн оны 07 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. 
Айлчлалаар Монголын хөдөө аж ахуйн гаралтай мах, чацаргана зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарт тухайлбал мах, сүүний фермийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, татаас, урамшууллын механизмийг боловсронгуй болгоход Европын Холбооноос бодлого арга зүйн дэмжлэг авах, Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарт Европын Холбооны стандарт нутагшуулах, евро стандартад нийцсэн иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар зарчмын хувьд тохиролцсон болно.

Монгол Улс - Унгар Улс:

Сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн харилцан айлчлал нэмэгдэж хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Унгар Улсын Ерөнхий сайдын 2016 оны 01 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол-Унгарын найрамдалт харилцааны илрэл болсон Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын иж бүрэн шинэчлэлийг Унгар Улсын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” –ийн тухай хэлэлцээрийг байгуулсан. 
Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар Хүнс, Хөдөө аж ахуйн сайд тус улсад 2016 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. 
Айлчлалын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийн техник-эдийн засгийн үндэслэлийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хамтран эрэлхийлж, гуравдагч эх үүсвэр олох талаар талууд хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн тус айлчлалын үеэр Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайдтай болон бусад албаны хүмүүстэй хоёр талын албан ёсны уулзалтыг хийж Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлийн зээлийн явцын сүүлийн үеийн мэдээллийг харилцан солилцож цаашид техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хоёр талын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцсоны дагуу ТЭЗҮ хийхэд зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Монголын талын ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгуулах талаар ажиллаж байна. 
Мөн талууд цаашид Унгар улсаас Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхитэй дэмжиж ажиллахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжинд мах боловсруулах үйлдвэр барьж байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.

Монгол Улс - Бүгд Найрамдах Франц Улс:

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад харилцааны сайдын 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Тус Санамж бичиг болон Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг байгуулахаар Монголын аж ахуйн нэгжүүд Франц улсаас өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үүлдэрийн үхэр, ямааг импортлон оруулж ирэх болсон билээ.
Монгол Улсад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын аж ахуйн нэгжүүд сүүлийн 2-3 жилд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Намрын ногоон өдрүүд” болон “Шилмэл мал” үзэсгэлэн яармагт тогтмол оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д 2015 оны 11 дүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2012 онд дуусгавар болсон Францын хүнсний тусламжын сан байгуулах хэлэлцээрийг шинэчлэн байгуулаж гарын үсэг зурсан.
Хэлэлцээрийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөр шалгаруулж жижиг, дунд зээлийг хөнгөлттэй зээл хэлбэрээр олгох бөгөөд сангийн 10 хувийг байгалийн гамшигт өртсөн аймаг сумдуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байхаар тогтсон.
Хэлэлцээрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцээрийн 3.2-т заасан төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах, Санг ашиглахтай холбогдсон Хамтарсан хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Техникийн хороог байгуулж анхдугаар хурлыг хуралдуулж хамтарсан хороонд дүнг танилцуулсан. Мөн хэлэлцээрт заасан хоёр дансыг нэгтгэх ажил идэвхтэй явагдаж байна. 
Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд “Эрчимжсэн үхрийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны Эрмэлзэх бичгийг байгуулав.
Эрмэлзэх бичигт тусгагдсан заалтуудыг ажил хэрэг болгох үүднээс Франц Улсаас малын генийг сайжруулах, зохиомол хээлтүүлгийн чиглэлээр 2 шинжээч Монгол Улсад 2016 оны 05 дугаар сарын 01-нээс 7 хоногийн хугацаатай ирж ажилласан ба цаашид энэхүү салбарт түлхүү хамтран ажиллахаар тохиролцсон болно.
Эрмэлзэх бичгийг хэрэгжүүлснээр Монгол малын удмын санг сайжруулах зорилгоор малын хээлтүүлгийн лабораторыг Монгол Улсад байгуулах юм. Мөн малын эрүүл мэнд, мал эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны урт хугацааны төслүүд хэрэгжих юм. 

Монгол Улс - Холбооны Бүгд Найрамдах Герман Улс:

ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Ногоон долоо хоног” Олон улсын үзэсгэлэн яармагт яамны зүгээс жил болгон оролцож байна. 2015 оны 1 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайд тэргүүтэй төлөөлөгчид уг үзэсгэлэн яармагт оролцож салбарын чиглэлээр хамтран ажиллаж буй орнуудын ХАА-н сайд нартай уулзаж санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.
Германы газар тариалангийн шилдэг техник, технологийг нэвтрүүлсэн үлгэр жишээ загвар аж ахуйг Төв аймгийн Угтаал дахь Агрокомплекс ХХК-нийг түшиглэн байгуулахаар “Тогтвортой газар тариалан” төсөл 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд рапс, төмсний үрийн туршилт, технологи нутагшуулах туршилтууд амжилттай хийгдсэн бөгөөд Германаас өндөр ашиг шимт мах сүүний үхрийг импортолоод байна. Мөн 2015 онд мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимт Симменталь үүлдрийн бухны 2000 тун үрийг хүлээн авсан.
Дээрх төслийг үргэлжлүүлэхээр талууд тохиролцон “Монгол-Германы тогтвортой хөдөө аж ахуй –II” төслийн баримт бичгийг хамтран боловсруулж гарын үсэг зурахад бэлэн болгоод байна. 

Монгол Улс - Бүгд Найрамдах Болгар Улс:

БН Болгар Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Өр зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Хөдөө аж ахуйн техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурсан. 
Хэлэлцээрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Болгар Улсын мэргэжилтнүүдийн Монгол Улсад хүлэмж барихад тавигдах техникийн шаардлагыг боловсруулан 2 тал ярилцан тохиолцох шатандаа явж байна.
Монгол, Болгарын Засгийн Газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаан 2016 оны 04 дугаар сард Софи хотноо зохион байгуулагдаж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монголын талыг даргалан оролцов.
Хуралдааны үеэр Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан –техникийн хамтын ажиллагааны Монгол Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны Протоколд гарын үсэг зурав. 
Протоколын хүрээнд Органик газар тариалангийн салбарт туршлага солилцох, Болгарын талын туршлага, тусламжаар Монгол Улсад хүнсний ногооны хүлэмж байгуулах, энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Болгараас хүлэмжийн мэргэжилтэнгүүд Монгол Улсад томилон ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах, евро-стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлвэр байгуулах боломжийг судлах, Монголоос мах, махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлоход Болгар Улсаас дэмжлэг авах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд фермерүүдийг Болгарт богино урт хугацааны сургалт, танилцах аялалд хамруулах боломж бүрдсэн болно.

Монгол Улс - Бүгд Найрамдах Беларусь Улс:

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулав.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам