Хоршооны танилцуулга

•    Хоршооллын хөдөлгөөн XIX зуунд европод (Их британи, Францад) эхэлсэн
•    Өнөөдөр хоршооллын хөдөлгөөнд дэлхийн 94 орны нэг тэрбум гаруй хүн хамрагдаж байна. 
•    Үндэсний нийт бүтээгдэхүүний 3-10 хувийг үйлдвэрлэж байна.
•    Дэлхийн нийт хоршоодын томоохон 300 нь хөгжингүй орнуудын хоршоод байдаг төдийгүй жилийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ 1,1 триллион ам.доллар.
•    Канадад 10 хүн тутмын 1, герман, ану-д 4 хүн тутмын 1, БНХАУ-д 180,0 сая хүн, монголд 200.0 мянган хүн хоршооны гишүүн байна.
•    Дэлхий нийтээр хоршооллын байгууллагууд 10.0 сая ажлын байр бий болгож байна. монголд 60.0-аад мянган ажлын байр бий болгож байна. 

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1921 оны 8 сард Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, ондоо багтаан “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй 116 гишүүнтэй хоршоог байгуулсанаар анхны хоршооны суурь тавигдсан түүхтэй. 

1940 он гэхэд манай улсын бүх аймаг, сумдад эд хэрэглэгчдийн хоршооны зарчмаар ажилладаг хоршоод бий болж өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1958 оноос хоршоодыг улсын болгон нийгэмчилж, коммун хэлбэрийн төрийн оролцоотой аж ахуйн хэлбэрээр хөгжиж ирсэн. 1990-ээд оноос хоршоод зах зээлийн чиг баримжаатай хөгжиж ирсэн бөгөөд өнөөдөр улсын хэмжээнд 3200 гаруй хоршоод, 212589 гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Манай улсын хүн амын 63.3 хувь нь хот, суурин газарт, 37,7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн статистик үзүүлэлт гарсан. Эдийн засгийн өсөлт болон хөгжлийн түвшинг жигд хангах эх үндэс нь орон нутгийн хөгжлөөс шууд хамааралтай байдаг.  

Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах аж ахуй эрхлэх гол хэлбэр нь хоршоо гэж үзэж Төр, засгаас сүүлийн үед боловсруулан гаргаж буй бодлогын баримт бичгүүдэд хамтын хөдөлмөр, оролцоог ихээхэн дэмжиж байгаа билээ. Тухайлбал, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”, “Бараа түүхий эдийн биржийн тухай хууль” зэрэг нь хоршооны бүтцэд тулгуурлан хэрэгжүүлэхээр батлагдсан. 

Хоршооллын салбарын бодлогын баримт бичгүүд:

1.    “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр” /2009-2017/
2.    Хоршооны тухай хууль /1995 он/
3.    Төрөөс малчдын талаар баримтлах бодлого /2010 он/
4.    “Монгол мал” үндэсний хөтөлбөр /2010 он/
5.    ХАА-н гаралтай түүхий эдийн биржийн хууль /2011 он/
6.    Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль /2011 он/
7.    “Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам батлах тухай” /2013 он/
 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам