Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын бодлого

Жижиг, дунд үйлдвэр хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн зорилтын хүрээнд доорх үйл ажиллагаануудыг явуулж байна. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах
  • Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
  • Өрсөлдөх чадварыг сайжруулах
  • Зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
  • Жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих
  • Бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ 
  • Инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль-д 

5 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 
5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:
5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.
5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэсэн заалт тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд 3 гол татварын өөрчлөлт хийсэн. Үүнд:

  1. Бүсийн хөнгөлөлтийн татвар
    Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 550км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар татварт ногдох орлогын албан татварыг чөлөөлөхөөр болсон ба 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн.
  2. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 1 хувийн орлогын албан татвар ногдуулах
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ногдуулах татварыг 90 хувиар хөнгөлөх зохицуулалтыг тусгаж өөрчлөлт хийсэн ба доорх дөрвөн салбарыг хамруулахаар тусгасан. 
    1.    Хүнсний үйлдвэрлэл
    2.    Оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл
    3.    Барилгын материалын үйлдвэрлэл
    4.    Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл
    Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр боллоо.
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг гаалийн албан татвараас чөлөөлөх 
    Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоолын дагуу 2019 он хүртэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг Гаалийн албан татвараас чөлөөлж байна.

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулахдаа дараах хууль, эрх зүйн орчины хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

  1. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль /2012/
  2. Инновацийн тухай хууль /2012/
  3. Компанийн тухай хууль /2011/
  4. Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай хууль /2009/
  5. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль /2007/
  6. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006 он/
  7. Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль /2006/
  8. Хоршооны тухай хууль /1998/
  9. Жагсаалт шинэчлэн батлах тухай /Гаалийн албан татвараас чөлөөлөх ЖДҮ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл/ Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоол

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг гадаадын төсөл, хөтөлбөрийн  мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам