Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих үйлчилгээ

Хууль, эрх зүйн орчины хувьд: 
Төрөөс бизнес эрхлэгч болон хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхлэх таатай боломжийг бүрдүүлэх, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, бизнес эрхлэх чадвар эзэмшүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахад эрхзүйн таатай орчныг бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагааг явуулдаг.

Инкубацийн үйлчилгээ:
“Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн 16 дугаар зүйлд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шинээр бизнес эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх”, 23 дугаар зүйлд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байна.

Бизнес инкубацийн үйлчилгээнд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох мэдээллээр хангах, үйлдвэрлэлийн зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх, хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллээр үйлчлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулах, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг зохион байгуулах; бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, технологи дамжуулах зэрэг чиглэлээр ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээнүүд хамрагдана.”

Дэлхийн 60 гаруй оронд 2000 гаруй бизнес инкубатор төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвлөгөө мэдээлэл, аж ахуй эрхлэлтийн сургалт, бизнес инкубацийн үйлчилгээг хүргэхээр Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн бизнес инкубатор төв 26, бизнесийн хөгжлийг дэмжих 46 төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төвүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилтээр тендерээр инкубацийн үйлчилгээ болон бизнесийн сургалт зохион байгуулах эрх аван үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр төвүүд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулах, хөнгөлөлттэй зээлд хамрагдахад холбож өгөх инкубацийн үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, байгууллагын шаталсан үйлчилгээнд хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийг  сонгон шалгаруулж жижиг ажлын байраар хангах буюу үндсэн бойжигчдыг бий болгох, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэл эрхлэгчдийг холбож өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.


Бизнесийн зөвлөх үйлчилгээ:
Жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зөвхөн санхүүгийн дэмжлэгээс гадна  бизнесийн зөвлөх үйлчилгээ нэн чухал ач холбогдолтой байдаг. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өдөр тутам тулгарч байдаг менежмэнтийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээний хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь олж харж чадахгүй байгаа боломж, бэрхшээлийг илрүүлж, түүнийг нь шийдэх арга замыг тодорхойлж өгдөг. Тэр хэрээрээ бизнест нь үр ашиг, хэмнэлт, өсөлт, өргөжилт бий болгодог. Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй 500 гаруй аж ахуйн нэгж зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

 Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай хэдий ч түүнд зориулан хөрөнгө гаргах боломжгүй компаниудын хувьд зөвлөх үйлчилгээгээ авах боломжийг олгож, мөн бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт мэдлэг ур чадвар бүхий хүмүүс ажиллаж өөрийн мэдлэг ур чадвараа бодитой үнэлэх, цаашдаа үйлчилгээний бизнесийн энэ салбар нийгэмд болоод бизнесийн орчинд танигдаж үйл ажиллагаа нь тогтворжиход туслаж байгаа юм.
 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт (Аж ахуйн нэгж)

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
    -    Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
    -    Тодорхойлолтын зориулалт
    -    Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг 
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
    -    Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    -    Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn, маягт TT-02/
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  7. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах 

Утас: 51-262913

  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль:
    6.5.Хувиараа эрхлэх аж ахуйг гэр бүлээрээ, эсхүл хоёр буюу түүнээс дээш тооны иргэн хамтран эрхэлдэг бол бүртгүүлэх хүсэлтийг хамтран гаргах бөгөөд энэ хуулийн 6.2.1, 6.3.1-д заасан мэдээ, баримтыг (дээрх 1, 2, 3, 4-т заасан) иргэн тус бүрээр гаргаж ирүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэнэ.
Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам