Малын үржил-селекци

Мал сүргийн нөхөн үйлдвэрлэл

Сүргийн нөхөн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулахын гол зорилго нь сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жинг зөв тогтоох, хээлтэгч малыг үржилд олон жил ашиглан жил бүр төл авах замар аль болох их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үржлийн бус эр, сувай малыг сүргийн эргэлтэнд оруулах, нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлэх явдал юм. Хээлтэгч, хээлтүүлэгч малын нөхөн үйлдвэрлэлд малын үүлдэр, ашиг шим, удамшил, тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцөл, хээлтүүлгийн арга технологи, маллагааны зохион байгуулалт их нөлөөтэй байдаг. Жилийн турш бэлчээрийн маллагаанд байдаг монгол малын бэлгийн боловсролт эрт гүйцдэг боловч биеийн бойжилт хожуу гүйцдэг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний наслалт, нөхөн үржих чадвараа хадгалах байдлаас шалтгаалан нилээд богино байдаг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний ашиг шимийн хэмжээ, наслалт, үр төлийн чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. 

Мал үржүүлгийн арга 

Мал үржүүлгийн арга гэдэг нь мал, амьтны чанар, ашиг шимийг өөрчлөн сайжруулах зорилтыг шийдвэрлэхийн тулд төрөл, зүйл, үүлдэр, омгийг харгалзан зөв шилж зохистой тохируулан сонгож нийлүүлэх, үржүүлэх үржил селекцийн арга юм. Мал аж ахуйн шинжлэх ухаанд цэвэр үүлдрийн үржүүлэг, удам дагуулан үржүүлэх, эрлийзжүүлэг, эвцэлдүүлэг гэсэн дөрвөн аргыг хэрэглэдэг. 

  1. Цэвэр үүлдрийн үржүүлгийн арга: Нэг зүйл, үүлдэрт багтаж байгаа мал амьтдыг өөр хооронд нь тохируулан сонгож нийлүүлэх аргыг хэлнэ. Цэвэр үүлдрийн малуудыг хооронд нь нийлүүлэх арга одоо байгаа малынхаа үржлийн чанар, ашиг шимийн хэмжээ, чадварыг бататган сайжруулах, цаашид улам нэмэгдүүлэхэд оршино. Энэ аргын биологийн мөн чанар нь тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан малын удамшлын шинж чанар, шинж тэмдгийг үе дамжуулан хүчтэй болгоход чиглэгдсэн байдаг. Тухайлбал: Сүүний чиглэлийн үхрийн үржил селекцийн ажилд малын гарал үүсэл, үнээний сүүлэг чанар, наслалт, саагдах байдал, дэлэнгийн үрэвсэлд тэсвэртэй байх чадвар зэрэг үзүүлэлтийг ихээхэн анхаарч үздэг. Энэ арга нь шилэн сонголт, тохируулан сонголт, удам дагуулан үржүүлэх аргуудаар дамжин хэрэгжиж байдаг. 
  2. Удам дагуулан үржүүлэх: Үржлийн чадвар, ашиг шимээрээ шалгарсан удам үүсгэгч тодорхой хээлтэгч, хээлтүүлэгчээс үүсч гарсан үүлдрийн өвөрмөц чанарыг өөртөө агуулсан хэсэг бүлэг малыг удам гэнэ. Үржлийн чадвар өндөртэй хээлтэгч, хээлтүүлэгч малын үр төл үе дамжин үржсээр эцэг, эхийн удмыг үүсгэнэ. 
  3. Эрлийзжүүлэг: Өөр өөр үүлдэрт хамаарагдах хээлтэгч, хээлтүүлэгч хоёрыг хооронд нь нийлүүлэхийг эрлийзжүүлэг гэнэ. Эрлийзжүүлгийн аргын зорилго нь удамшлын ялгаат байдлыг нэмэгдүүлэн шинж тэмдэг, шинж чанарын хувьслыг дээшлүүлж өгдөг учраас шилэн сонголтыг үр дүнтэй явуулах, гетерозисын үзэгдлийг ашиглах, шинэ үүлдэр гаргах материалыг өргөжүүлж өгдөг. 
    • Үүлдэр гаргах эрлийзжүүлэг: Хоёр ба түүнээс дээш тооны үүлдрийг ашиглан эрлийзжүүлэгт оролцож байгаа эх үүлдрүүдийн сайн чанарыг хослуулсны зэрэгцээ шинэ үнэ цэнэтэй шинж тэмдгүүдийг агуулсан шинэ үүлдрийн мал бий болгохыг хэлнэ. 
    • Цус шингээх эрлийзжүүлэг: Нутгийн бага ашиг шимтэй үүлдэр, тавьсан шаардлага хангасан эрлийз хээлтэгчийн сүргийг хэд хэдэн үе дамжуулан сайжруулагч үүлдэртэй эрлийзжүүлэн өндөр ашиг шимтэй тусгай үүлдэр болгон хувиргах арга юм. Нутгийн үүлдрийг сайжрагч, өндөр ашиг шимт үүлдрийг сайжруулагч гэнэ. Сайжруулагч үүлдрийн үндсэн шинж тэмдгийг сайжрагч үүлдэрт шингээн цэвэр үүлдрийн мал бий болно. в. Цус сэлбэх эрлийзжүүлэг: 
    • Цус сэлбэх эрлийзжүүлэг: Богино хугацаанд цэвэр үржүүлгийн аргаас татгалзан үндсэн үүлдрийн үнэтэй гол шинж тэмдгүүд болон хэвшлийг нь хадгалан уг үүлдэрт доголдож байгаа ганц нэг чанарыг өөр үүлдрээс шингээн засах зорилготой явуулах эрлийзжүүлгийн аргыг хэлнэ. 
    • Хэрэгцээний эрлийзжүүлэг: Хэрэгцээний эрлийзжүүлгийн аргыг малын ашиг шимийг дээшлүүлэхэд онцгой нөлөөтэй тод илэрсэн гетерозис бүхий I үеийн эрлийз малыг гаргаж авахын тулд хэрэглэнэ. 
    • Соливцуулах эрлийзжүүлэг: Үндсэн зорилт нь гетерозисийг дээд зэргээр ашигладгаараа хэрэгцээний эрлийзжүүлгийн гол зорилготой ижил байдаг. Ялгаа нь соливцуулах эрлийзжүүлгийн гетерозисийг бий болгоод зогсохгүй хэд хэдэн үе дамжуулан барьж байдаг. Энэ аргыг 2 үүлдэр оролцсон энгийн, 3 үүлдэр оролцсон төвөгтэй (нийлмэл) соливцуулах эрлийзжүүлэг гэж хуваана. 
  4. Малын эвцэлдүүлэг: Өөр өөр зүйлд хамаарагдах мал, амьтныг хооронд нь нийлүүлэхийг эвцэлдүүлэг гэнэ. Гарсан үр төлийг нь гибрид гэнэ. Эвцэлдүүлгийн гол зорилт бол зэрлэг болон хагас зэрлэг үнэ цэнэтэй шинж тэмдгүүдийг агуулсан шинэ амьтдыг хүний материаллаг хэрэгцээнд татан оруулах, шинэ үүлдрийн мал бий болгох, ховордсон амьтдыг устаж үгүй болохоос сэргийлэх, тэдгээрийн генефондыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн байдаг. 

Мал хээлтүүлгийн арга

Мал хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахад нэг талаас хээлтэгч, хээлтүүлэгч малын ороо эрчимтэй явагдах үе, нөгөө талаас гарах төл нь өсч бойжиход хамгийн тохиромжтой улирлыг сонгоход анхаарана. Бэлчээрийн маллагаатай монгол малаас ингэ өвлийн, гүү, үнээ хавар, зуны, хонь, ямаа намрын улиралд нийлүүлэгт орж 3 болон 4 сард төллөхөөр тааруулах нь зүйтэй. Харин эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа нөхцөлд малыг жилийн турш жигд, ээлжээр төллүүлж байхаар хээлтүүлгийн ажлыг зохион байгуулна.

Хээлтүүлгийн аргыг дараах байдлаар ангилна. Үүнд:

  1. Ердийн хээлтүүлэг
  2. Гардан хээлтүүлэг 
  3. Зохиомол хээлтүүлэг

Ердийн хээлтүүлэг: Малчид олон зуун жилийн турш мал маллагаандаа ердийн болон гардан хээлтүүлгийн аргыг өргөн ашиглаж ирсэн юм. Ердийн хээлтүүлгийн үед сүргийн дотор хээлтүүлэгч малыг байнга хамт байлгана.  

Гардан хээлтүүлэг: Гардан хээлтүүлгийн үед ороо нь орсон хээлтэгчийг зогсоолд оруулж бэхлээд юмуу ороотой эх малыг тусгай хашаанд хээлтүүлэгчтэй хамт оруулан тус тус хээлтүүлэгчийг харайлгах аргаар нийлүүлэг явуулна. Энэ аргын давуу тал нь хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог оновчтой хийх, хээлтүүлэгчийг үр бүтээлтэй ашиглах, үржлийн бүртгэл тооцоо хөтлөх, гарсан төлийг гарал, үүслээр нь үнэлэх, мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийх боломжтой болно. Гардан хээлтүүлгийн үед хээлтүүлэгчийг тусад нь малладаг учир туршигч хээлтүүлэгч ашиглан хээлтэгчийн ороог илрүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироог дараах хүснэгтийн дагуу баримжаалан тогтооно.

Зохиомол хээлтүүлэг: Малыг зохиомлоор хээлтүүлэх нь хээлтүүлгийн бусад аргуудаас хамгийн дэвшиттэй арга юм. Зохиомол хээлтүүлгийн арга нь арвин ашиг шимтэй хээлтүүлэгчээс олон тооны төл авах, бусад хээлтүүлгийн аргуудаас олон талаар давуутай. Үүнд: 

  • Урьдаас төлөвлөн шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагддаг. 
  • Арвин ашиг шимт үр төлийн чанараар баталгаажсан хээлтүүлэгч малын үрээр олон тооны эх малыг хээлтүүлэх боломжтой. 
  • Бруцеллёз, лейкоз, сүрьеэ, вибриоз зэрэг олон тооны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 
  • Малын чанарыг богино хугацаанд сайжруулах боломж бүрдүүлдэг. 
Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам