Малын удам зүйн үнэлгээний систем

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Малын удам зүйн үнэлгээний системийг боловсруулах үйл ажиллагаа нь малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах Монгол Улсад үржүүлж буй малын үржлийн үнэт чанарыг үнэлэх, улсын хэмжээнд үржлийн үнэт чанараар шилмэл малыг тогтоож баталгаажуулах замаар монгол малын үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлж, нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилготой.

“Хөдөө аж ахуйн маркетинг” төсөлтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үржлийн шилмэл малд удам зүйн үнэлгээ хийх программ шинээр бий болгож, muz.gov.mn цахим хуудсыг ашиглалтанд оруулсан ба уг программыг хүлээж авах ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн маркетинг төслөл хэрэгжиж буй 5 аймгийн 15 сумдын мэргэжилтэн болон аймгуудын ХААГазрын мал аж ахуйн албаны дарга, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдэд программын ашиглалтын талаар сургалт хийсэн. 

Шаардлагатай нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалт хийх ажлыг “Бодлого судлалын төв” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгээд байна. Цаашид малын удам зүйн үнэлгээний программд Монгол улсын хэмжээнд бух, хуц, ухныг бүртгэж удам зүйгээр үнэлэх ажил хийгдэнэ. 

Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн санг бий болгож ашиглалтанд нэвтрүүлснээр дараах боломжууд нээгдэх юм. Үүнд:

  • Үржлийн малд удамзүйн үнэлгээ өгөх зориулалттай үндэсний систем бүрдэх 
  • Малыг үржлийн үнэт чанараар үнэлэх, ялган таних,  баталгаажуулах 
  • Батлагдсан үүлдэр, үүлдрийн ба үржлийн хэсэг, омог түүнчлэн импортлон үржүүлж буй малын  биологи, удамзүйн өвөрмөц чанарыг тогтоох
  • Импортлон нутагшуулан үржүүлж буй малд удамзүйн үнэлгээ хийх үндсэн дээр тэдгээрийн үржүүлгийн хөтөлбөр  боловсруулах 
  • Мал аж ахуйн салбарын бүх шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчид, мал бүхий этгээдийн хоорондын ажил үүргийн харилцаа, уялдаа нягтарч, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний ур чадвар сайжрах 
  • Удамзүйн үнэлгээнд үндэслэн баталгаажсан үүлдэр, омгийн малд гарвал, ашиг шимийн бүртгэл хөтлөх, бүртгэлийн мэдээллийг үржлийн ажилд ашиглах суурь тавигдах гэх мэт олон давуу талаар ашиглах, хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, малыг удам зүйгээр үнэлэх ажил хэрэгжсэнээр малын үржил, бүртгэлийн чиглэлийн мэдээллийг орон нутгийн мэргэжилтнүүд, малчид, мал бүхий иргэдэд цаг алдалгүй хүргэх, Монгол Улсын үржлийн шилмэл хээлтүүлэгч, хээлтэгч малыг бүртгэх, улс, аймаг, сумын түвшинд гойд ашиг шимт мал шалгаруулах ажиллагааг программаар дамжуулан шалгаруулах, гойд ашиг шимт малын мэдээллийг нийтэд таниулах, урамшуулах цаашлаад малчдад мал сүргийн үүлдэрлэг байдал, чанарт анхаарах хөшүүргийг буй болгох юм.

ХАМРАХ ХҮРЭЭ

Удам зүйн үнэлгээний систем нь анхан шатны нэгж болох сум, дүүргийн түвшинд үржлийн үнэт чанараар тэргүүлэн эрэмблэгдсэн шилмэл малыг дараагийн шатны буюу аймаг, нийслэлийн түвшинд хянаж, аймаг, нийслэлийн хэмжээний шилмэл малыг улсын түвшинд хянаж, баталгаажуулах, эрэмбэлэх зарчмаар улсын хэмжээнд үржлийн үнэт чанараар шилмэл малыг тогтоож, малын нөхөн үржихүйн үйл ажиллагааг улсын хэмжээнд боловсруулан нэгдсэн нэг мэдээллийн санг үүсгэж, түүнийг удирдах зохион байгуулахад чиглэж ажиллана. 

Малын удам зүйн үнэлгээний улсын нэгдсэн систем нь үхэр, хонь, ямаа гэсэн гурван төрлийн малын хээлтүүлэгчийг үнэлэхэд чиглэгдэх бөгөөд цаашид хамрах хүрээг өргөтгөх боломжтой систем юм.

Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам