Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр авах

Хүсэлт гаргагч

1. Хууль, журам, нөхцөл шаардлага, зах зээлийг судлах
Хэрэв та Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл, лиценз авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, тэмдэгтийн хураамжийн хэмжээтэй танилцах шаардлагатай. Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж үзнэ үү.

2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх
Тусгай зөвшөөрөл авах, эсвэл лиценз авахаар хүсэлт гаргагч нь ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-27 дугаар тушаалаар батлагдсан маягтыг бүрэн бөглөн, бүрдүүлэх материалын жагсаалтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.
Хүсэлт гаргагч нь холбогдох хүсэлтийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно. Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийн маягтыг энд дарж үзнэ үү.

3. Заавар, зөвлөгөө авах
Та хүсэлтийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол МҮББХЗГ-ын Малын генетик нөөцийн ашиглалт, үнэлгээ, төлөвлөлт, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнтэй (+51) 266095 утсаар холбогдох эсвэл ХХААХҮЯ-ны 201 тоот өрөөнд ирж зөвлөгөө авах боломжтой. 

4. Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээлгэн өгөх
Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу хүсэлтийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлт, материалыг ХХААХҮЯ-ны бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
Хүсэлтийг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хэрэг хөтлөлтийн журам”-ын 3.2 дахь хэсэг, 3.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол тус журмын дагуу буцаагдана. Иймд бүрэн гүйцэд материал ирүүлэх нь дүгнэлт гаргаж, олгох ажлыг түргэн шуурхай болгоход тустай гэдгийг анхааралдаа авна уу.

5. Хүсэлтийг шийдвэрлэх

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.
Хэрэв тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

6. Гэрээ байгуулах, тэмдэгтийн хураамж төлөх
Та тусгай зөвшөөрөл шинээр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай шийдвэр хүлээн авсан бол малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын МҮББХЗГ-ын Малын генетик нөөцийн ашиглалт, үнэлгээ, төлөвлөлт, тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26.1.9 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ”-ний 15.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө.

Мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадаас авах, гадаадад гаргах тухай тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан, хоёр хувь үйлдэж, тэмдэгтийн хураамж төлснөөр таньд тусгай зөвшөөрөл олгох болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээнд заасан хугацаанд мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадаас авах, гадаадад гаргах чиглэлээр явуулсан үйл ажиллагааны талаарх тайланг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст багтаан ирүүлэх, холбогдох тогтоол, шийдвэр, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. 

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Энэ хуулийн 9.5 дахь хэсэгт заасан хугацаанд хүсэлтийг ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхаарна уу.

Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд:

Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам