Нийтийн хоолны салбарын танилцуулга

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь манай оронд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд  улс орны эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж буй томоохон салбар юм. Зөвхөн эдийн засаг, бизнесийн ашиг орлогод нөлөө үзүүлж байгаагаас гадна нийт хүн амын эрүүл мэндийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Салбарын статистик 2015 оны байдлаар ДНБ-ний 1 хувь, нийт орлого 189.2 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 23,6 хувиар өсч, суудлын тоо 3,8 хувиар, ажиллагсадын тоо 27,4 хувиар өссөн бол 2016 оны  хагас жилийн байдлаар салбарын орлого 108,1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 8,7 тэрбум төгрөг буюу 13,6 хувиар өсч  байгаа нь салбарын хөрөнгө оруулалт, хүн амын өсөлт, амьдралын хэв маяг болон бусад салбарын хөгжилтэй уялдаж байгаа юм. Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цэргийн анги, хорих анги, үйлдвэр, байгууллагуудын  дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хамруулж болно.


 

Боловсролын салбар дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Улсын хэмжээнд 2015-2016 оны байдлаар 1288 /төрийн 826, хувийн 426/ цэцэрлэгт 225388 хүүхэд хүмүүжиж байна. Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал төрийн өмчит цэцэрлэгүүдэд 1650 төгрөг, сувилалын, тусгай 24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг,  /ЗГ-ын 2012 оын 106 дугаар тогтоол Хоолны зардлын дундаж норматив/ байна. 

Нийслэлийн хэмжээнд 6 дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг Багачууд хүнс, Өсвөр үе, Асгат, Хүнс хангамж төв зэрэг ОНӨААТҮГ компаниуд хариуцан нийлүүлж байна. Улсын хэмжээнд 768 /төрийн 636, хувийн 132/ ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 289221 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ноогдох хоолны дундаж норматив зардал 600 төгрөг /ЗГ-ын 2012 оын 106 дугаар тогтоол Хоолны зардлын дундаж норматив/ бөгөөд халуун хоол, бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр “Үдийн цай”-г өгч байна. 

Дотуур байрны хувьд улсын хэмжээнд 457 дотуур байранд 33,253 хүүхэд амьдарч байна. Засгийн газраас тогтоосон нэг хүүхдэд ноогдох хоолны зардал 2315 төгрөг бөгөөд жилд дунджаар 16-18 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эмнэлгийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Улсын хэмжээнд эмнэлгийн салбарын тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд тухайлбал зөвхөн улсын хэмжээнд 2015 оны байдлаар 784881 хүн хэвтэн эмчлүүлжээ. Тухайн салбар нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний өвчний түүх, дэглэм, биеийн онцлогт тохируулан өвчтөн бүрт тусгай хоол хүнсээр үйлчлэх нь энэ салбарын гол чухал асуудал юм. 

Батлан хамгаалах салбарын дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Батлан хамгаалах салбарын дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ нь бусад салбаруудтай харьцуулахад бие даасан, хүнсний хангамж, нөөцийг үндэсний үйлдвэрлэл, импорт болон дотоод аж ахуйн хүрээнд бүрэн ханган ажиллаж байна. Энэ салбарт бусад салбарын адил ажиллах хүний нөөц, тоног төхөөрөмж, хооллолтын шим тэжээлийг сайжруулах шаардлага зэрэг олон тулгамдсан асуудал байсаар байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 

•    Хүнсний тухай хууль
•    Хүнсний аюулгүй байдлын тухай хууль
•    Органик хүнсний тухай хууль
•    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 
•    Хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын стратеги 
•    Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги 
•    Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр
•    Үдийн цай хөтөлбөр    
•    Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр
•    Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, хоолны газрын ангилал, зэрэглэл Ерөнхий шаардлага MNS 4946:2005,
•    Гадна талбайд хоол хүнс бэлтгэх, борлуулах эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC/RCP 39:2001
•    Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага:MNS 6192 : 2010,
•    Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам