Бэлчээрийн усан хангамж

Бэлчээрийн усан хангамж нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чухал асуудлын нэг  юм. Усны нөөц баялаг нь Монгол орны нутаг дэвсгэр болон улирлын бэлчээрт жигд биш байдаг нь ихэнх нутгийн өвөл хаврын бэлчээр усаар дутагдах шалтгаан болдог. Бэлчээрт инженерийн хийцтэй худаг, энгийн уурхайн худаг, гар худгуудыг ашиглаж байна. 

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн бэлчээрийн усан хангамжийн талаар төрөөс  баримтлах бодлого нь дараах баримт бичгүүдэд тусгагдсан. Үүнд:

  • Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө /2003/ 
  • Усны тухай хууль /2004 он/ 
  • Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” /2015/ 
  • Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод  сууриласан  хөгжлийн цогц бодлого /2006/ 
  • “Ус”  үндэсний  хөтөлбөр /2010/ 
  • “Монгол мал” үндэсний хөтөлбөр /2010/ тус тус батлагдсан. 

Бэлчээрийн усан хангамжийн өнөөгийн байдал:

2012-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 4484 худаг шинээр барьж байгуулахад 49.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ ажлын үр дүнд 12.5 сая мал сүрэг, 6.7 сая га бэлчээр, 22.4 мянган малчин өрхийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлсэн. Харин 2016 онд нийт 682 худаг гаргасан нь 775.2 мянган га бэлчээр, 2.7 мянган малчин өрх, 1.9 сая малын усан хангамжийг нэмэгдүүлсэн. 


 
Уст цэгийн тоо /мян.ш/

  2012 2013 2014 2015 2016
Худаг-Бүгд 37.5 39.5 42.8 40.0 45
Инженерийн хийцтэй 11.5 13.1 12.8 11.1 12.5
Энгийн 26.0 26.4 30.0 28.9 30.9
Бэлчээрт байршдаг 33.3 34.4 35.6 36.3 40.9

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зорилтын хүрээнд олон улсын  байгууллагаас  хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд:  

  1. АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн төсөл”-ийн  хүрээнд 2008-2013 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Дорнод аймгийн төв орчмын бүс нутагт 401 худаг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. 
  2. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/, Даян дэлхийн байгаль орчны сан /SCCF/GEF/ -гийн зээлийн хөрөнгөөр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймгийн 15 суманд 54 худгийг шинээр гарган, 2 худгийг засварласан. Үүний үр дүнд 15 сумын 916 өрхийн 3173 хүн, 320.8 мянган толгой мал, 164252 га бэлчээрийг тус тус усаар хангах боломжийг бүрдүүлсэн. Мөн бороо цасны ус цуглуулах хөв нийт 8 барьсаны үр дүнд 5 сумын 173 өрхийн 714 хүн, 76.8 мянган толгой малыг усаар хангах боломжийг бүрдүүлсэн байна.  Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 68 булгийн эхийг хашиж хамгаалсан. 
  3. Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар санхүүжигдсэн “Ядуу малчин өрхөд уст цэг, нэвтрүүлэх төв байгуулах” (JFPR 9124-MON) төсөлөөр 2008-2012 онд Өвөрхангай аймгийн 10 суманд 47 худаг шинээр гаргаж, 16 худаг сэргээн засварлаж, 20 булаг тохижуулсан. 
  4. Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон алт” төслийн хүрээнд 2012-2015 онд  31 шинэ худаг, 33 худаг засварлаж, 8 булаг шандны эх үүсвэрийг хашиж хамгаалсан.           
  5. “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа” (JFPR 9164-MON) төслийн санхүүжилтээр 2012-2016 онд Баянхонгор аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумдад 44 уст цэг шинээр гаргаж, сэргээн засварлаж ашиглалтанд оруулсан.   
  6. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар, Монгол Улсын засгийн газрын хамтран “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ус хангамжийн менежментийг хөгжүүлэх, үндсэн үе шат” нэртэй 279062/6/2014ЧХА дугаартай төсөл 2013-2016 онд хэрэгжснээр Мөрөн сумын ус хангамжийн системийн чадамжийг нэмэгдүүлж, түүний найдвартай ажиллагааг хангаснаар Мөрөн сумын иргэдийг урт удаан хугацаагаар усаар тогтвортой хангах боломжийг бүрдүүлсэн. 
  7. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар, Монгол Улсын засгийн газрын хамтран “Завхан аймагт гидрогеологийн судалгааны ноу-хауг нэвтрүүлэх, худаг ус гаргах” нэртэй 279062/7/2014ЧХА төсөл 2013-2015 онд хэрэгжснээр Завхан аймгийн 9 суманд геологийн болон гидрогеологийн хүндрэлтэй нөхцөлд 20 худаг шинээр гаргаж ашиглалтанд оруулах төсөл  хэрэгжсэн. Уг төсөл нь 2016 онд бүрэн дуусаж орон нутагт төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, уст цэг зэргийг хүлээлгэн өгсөн. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2014 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн усны өрөмдлөгийн машин, компрессор, дагалдах хэрэгсэлийн хамт 8 иж бүрдлийг ҮХААСайдын 2013 оны А/45 дугаар тушаал, ХХААСайдын 2016 оны А-83 дугаар тушаалаар Баянхонгор, Завхан, Ховд, Увс, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад усны өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд түрээсийн гэрээгээр олгож, түрээсийн төлбөрийг орон нутагтаа  худаг гаргаж төлөх нөхцөлтэйгөөр 5 хүртэлх жилийн хугацаатай олгож  орон нутгийн аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж байна.

 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам