Усалгаатай тариалангийн үйлдвэрлэл

2000 оны үед 5.3 мянган га талбайтай болтлоо уналтад ороод байсан манай улсын усалгаатай газар тариаланг сэргээн хөгжүүлэхийн тулд  2004 оноос эхлэн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барихад зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлсэн үүний үр дүнд усалгаатай тариалах боломжтой талбайн хэмжээ 54,0 мянган га-д хүрсэн. 

2015 оны эцсийн байдлаар 54,1 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжтойгоос 40,4 мянган га талбайд усалгаатай тариалсан. Үүнд: үр тариа 3,8 мянган га, төмс 10,2 мянган га, хүнсний ногоо 6,8 мянган га, тэжээлийн таримал 4,9 мянган га, жимс жимсгэнэ 5,6 мянган га бусад таримал 540 га-д тариалж, 8,6 мянган га–аас усалгаатай хадлан авсан байна. Энэ нь улсын хэмжээний нийт тариалангийн талбайн 7,2%-ийг эзлэж байгаа бөгөөд  үр тарианы 0,9%, төмсний 80,0%,  хүнсний ногоо, жимс жимсгэнийг 100% усалгаатай тариалж га-аас үр тариа 21,5 цн, төмс 131,0 цн, хүнсний ногоо 124,0 цн хураан авсан байна. Хэдийгээр ийм өсөлт байгаа боловч дэлхийн дундаж үзүүлэлтэд  хүргэхийн тулд нэгж талбайгаас хураах ургацын хэмжээг одоогийнхоос 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

2004-2015  онуудад   иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,  төрийн болон орон нутгийн өмчлөлийн 327 услалтын системийг сэргээн засварлаж, шинэчилж, шинээр байгуулахад  улсын төсвөөс 37,7 тэрбум төгрөгийн, хувийн хэвшлээс 42,7  тэрбум төгрөгийн   хөрөнгө оруулалтыг хийсэнээр 54,0 мянган га талбайг усжуулах боломжтой болсон.  Мөн  гадаадын төсөл хөтөлбөрөөс   343.7 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, жижиг услалтын системийг засварлаж, усалгааны тоног төхөөрөмж олгосон байна.  Үүний үр дүнд  хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилтэй 327 услалтын системийг ашиглалтад оруулж,  усалгаатай тариалангийн хэмжээг 54.0  мянган га-д хүргээд байна.  Тэдгээрийн 213 услалтын системийн 16,5 мянган га талбайг бороожуулагч машин, бичил усалгааны  төхөөрөмж ашиглан услаж байна. Тодруулбал усалгааны ажлын механикжуулалтын түвшин  32.2 хувьд хүрээд байна. 

2011 онд хийсэн  “Хөдөө аж ахуйн улсын тооллого”-ын дүнгээс үзвэл  улсын хэмжээнд   27078 өрх айл, 906 аж ахуйн нэгж, байгууллага услалтын системийг ашиглаж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж  байна. Нийлбэр дүнгээрээ 49641.4 га талбайг услах хүчин чадалтай 2450 инженерийн хийцтэй,  16706 энгийн усалгаатай талбай тоологдсон бөгөөд  8828  усалгаатай талбайн  ангилал нь тодорхой бус байна.  Усалгаатай тариалан эрхлэгчдийн 92.0 хувь нь талбайгаа энгийн аргаар, 7.1 хувь нь бороожуулагчаар услаж байна.  

2004 онд 2837 га талбайг услах хүчин чадал бүхий  13  услалтын системийг сэргээн засварласан.  Үүнд: улсын төсвөөс 800 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 1,4 тэрбум төгрөг зарцуулсан.

2005-2008 онд 33,2 тэрбум төгрөг зарцуулж 21,8 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 152  услалтын системийг сэргээн засварлаж, шинээр барьсан.  Үүнд: улсын төсвөөс 9,9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр 23,1 тэрбум төгрөг зарцуулсан.

2009-2012 онд 36,9 тэрбум төгрөг зарцуулж 13,3 мянган га талбайг услах хүчин чадал бүхий  146  услалтын системийг сэргээн засварлаж, шинээр барьсан. Үүнд: улсын төсвөөс 18,9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр 18,0 тэрбум төгрөг зарцуулсан.

2013-2014 онд Төрийн болон орон нутгийн өмчлөлийн 8,1 тэрбум төгрөг зарцуулж 1,5 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 16  услалтын системийг сэргээн засварлаж, шинээр барьсан. 

Усалгаатай тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгааны ажлыг аймаг болон томоохон голын сав тус бүрээр нарийвчлан хийсэн судалгаагаар 400 орчим мянган га талбайд энгийн болон инженерийн хийцтэй услалтын систем байгуулж тариаланд ашиглах боломжтой юм.  

Усалгаатай тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгааны ажлыг 2008 оноос эхлэн 21 аймагт болон 18 томоохон голуудын сав газарт хийж, 55 услалтын системийн зураг төсөл зохиоход улсын төсвөөс 1,1 тэрбум төгрөг зарцуулсан.

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам