Үр тариа, төмс, хүнсний ногооны хадгалалт

Төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуйг хөгжүүлэх бодлого, үзэл баримтлал

Нэг. Төмс, хүнсний ногооны зоорийн хангамж 

Улсын хэмжээнд 2016 оны эцэст  197,5 мянган тонн багтаамжтай 3700 гаруй зоорь ашиглаж байна. 2016 онд төмс 153,5мянган тонн, хүнсний ногоо 93,4 тус тус хураан авсан. Ингэснээр төмсний дотоодын нийт хэрэгцээг бүрэн, хүнсний ногоогоор 55 хувь хангаж байна. 

Төмс, хүнсний ногооны ургацыг зоорийн багтаамжтай харьцуулахад хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьтай байна. Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад зоорийн багтаамжийг 250,0 –иас доошгүй мянган тоннд хүргэх шаардлагатай. 

Хоёр. Зоорийн хийц, загвар 

Төмс, хүнсний ногоог нүхэн зоорь, энгийн зоорь, механикжсан зоорь гэсэн гурван төрлийн зоорийг ашиглаж байна. Эдгээрийн онцлог технологийн байдлыг товч танилцуулахад:

Нүхэн зоорь. Ямар нэг барилгын хаших хийц, инженерийн байгууламж ашиглаагүй, газрыг хөлдөлтийн гүнээс доош хадгалах хөндий үүсгэж ухсан зоорь, мөн байшин сууц, гэрийн шалан дор байрлалтай зоориуд хамрагдаж байна. Зоорийн агааржуулалтыг байгалийн аргаар зохицуулдаг. Нэмэлт тоног төхөөрөмж байхгүй. Гар ажиллагаатай.

Хөрсний бүтэц, хөрсний гүний усны түвшингээс хамаарч зоорь барих газраа сонгодог. Хөрс нь шавранцар байвал сайн. Хайрга, элсэрхэг хөрс нурах эрсдэлтэй. Гүний усны түвшин 5м-ээс дор байх ёстой. Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдад энэ төрлийн зоорийг өргөн ашиглаж байна. Нэг зоорийн багтаамж 10-15 тонн хүртэл байдаг. Зоорийг 1 х 1 м - ийн амсартай 4м-ээс багагүй гүнтэй цооног ухаад хоёр тийш эрвэйхэйн далавч хэлбэртэй хадгалах хөндийг үүсгэн ухна.Голдуу төмс хадгалахад ашиглаж байна. 
Зуны улиралд зоорийн дотор талыг цэвэрлэж тагийг онгойлгон хатаадаг. Борооны ус оруулж болохгүй. 

Энгийн зоорь. Газарт хагас суулгасан, хөрсний нуралт, хөлдөлтөөс хамгаалсан дулаалга бүхий мод, чулуу, блок, бетон зэрэг барилгын хаших хийц бүхий ханатай, дээвэр нь шороон хучлагатай зоориуд багтаж байна. 50-1000 тонн хүртэл багтаамжтай байдаг. Агааржуулалтыг байгалийн болон албадлагын арга хослуулан хэрэглэдэг, гар ажиллагаатай. Төмс, хүнсний ногоог төрөлжүүлэн хадгалах боломжтой. Хүйтний улиралд галлагаа болон цахилгаан халаагуураар нэмэлт дулаацуулга хэрэглэдэг. Чулуу болон бетонон доторлогоотой зооринд модон шал, хана бүхий хашлагатай тасалгаанд төмс, ногоог хадгалж хананаас хайрагдахаас хамгаалдаг. Модон доторлогоотой зоорь нь ихэнхдээ 5-7 жилд ялзарч, засварлах шаардлагатай болдог. Зоорь доторлох модыг шохойдох, битумдах аргаар ашиглалтын хугацааг урдасгах арга хэмжээ авдаг. Зуны улиралд салхилуулж дотор талыг формалины уусмал болон шохойн уусмалаар шүршиж мөөгөнцөр, бактер устгах ариутгал хийдэг. Ихэнхидээ гар ажиллагаатай. Хагас механикжсан байдлаар тоног төхөөрөмж ашиглах боломжтой. 1960 оноос энэ төолийн зоорийг байгуулж эхэлсэн. Төмс, хүнсний ногооны аж ахуйнуудад 500-1000 тонн багтаамжтай зоориуд ашиглаж байлаа. Мөн  Улаанбаатар хотод нийт 20,0 мянган тонн багтаамжтай зоорийн гурван анги ажиллаж байсан. 2000 оноос “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум бүрд 30 тонн багтаамжтай зоориудыг байгуулсан.

Механикжсан зоорь.1975-1990 онд 1000-4000 тонн багтаамжтай Төмс, хүнсний ногооны механикжсан зоориудыг томоохон сангийн аж ахуйнуудад байгуулж эхэлсэн байдаг. 1990 он гэхэд нийт 20,0 гаруй мянган тонн багтаамжтай механикжсан зоорьтой байсан. Нийгмийн шилжилт, өмч хувьчлалын үеэр дээрх зоориудыг ашиглах менежмэнт алдагдаж эзэнгүйдэх, зориулалтын бусаар ашиглах, тоног төхөөрөмжийг эвдлэх, тонох сөрөг хандлагын улмаас ашиглалтгүй болсон. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого /2003-2015 он/-ын баримт бичигт дотоодын хэрэгцээний төмс хүнсний ногоогоор бүрэн хангах зорилт дэвшүүлснээр олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Төмс, хүнсний ногооны механикжсан зоорийн зураг төсөл зохиох техник эдийн засгийн үндэслэлийг 2010 онд боловсруулж энэ төрлийн зоорийг байгуулах ажлыг дахин эхлүүлсэн. 

Энэ дагуу төмс, хүнсний ногооны механикжсан зоорь байгуулахад дараахь шаардлагуудыг баримталж байна.

1.    Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, халаалтын технологийг хэрэглэдэг байх,
2.    Зоорийн хаших хийц нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад сөрөг нөлөөгүй, чийгэнд тэсвэртэй, мөөгөнцөр үүсгэхгүй, мэрэгч үүрлэх боломжгүй, ашиглалтын хугацаа урттай материалыг сонгосон байх,
3.    Төмс, хүнсний ногоог хүлээн авах, ялгаж ангилах, ачиж буулгах ажлыг механикжуулсан ажиллагаатай, бичил уур амьсгалыг тохируулах автомат эсвэл хагас автомат удирдлагатай байх,

Гурав. Зоорийн чанар

Төмс, хүнсний ногооны хангамж, ашиглалтын байдлын бүртгэл судалгааг захиргааны статистик мэдээлэл цуглуулах арга хэмжээний хүрээнд орон нутгаас авдаг. Судалгаанаас дүгнэхэд: Нийт зоорийн 50 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 60 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй байна. Ургац хураалтын дараахь боловсруулалтын ажилд тээвэрлэх, ангилах ялгах, хадгалалтын хугацаанд арчлах, худалдаанд гаргах зэрэг хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагын ажлууд бүхэлдээ хамаардаг. Ургац хураалтын дараахь боловсруулалтын үеийн хорогдол нь нийт ургацын 35 хувиас буурахгүй байна. Бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж байгаа дараахь бодит хүчин зүйлүүд байна. 

1.    Энгийн зоориудын үндсэн хийцийг модон материалаар хийсэн учир хадгалсан бүтээгдэхүүн ялзрах, өвчлөх зэрэг хадгалалтын үеийн хорогдол ихтэй.  Мөөгөнцөр үүссэний улмаас зоорийн модон хийцийн ашиглалтын хугацаа буурах, зоорийг засварлах зэрэг ашиглалтын зардал ихтэй.
2.    Зоорийн аж ахуйн хангамж муу, ногоо тариалагч иргэн аж ахуй нь ногоог  төрөлжүүлэн хадгалах зоорьгүй тул хураан авсан бүх төрлийн таримлаа нэг зооринд хадгалдгаас бүтээгдэхүүний чанарыг муутгадаг.
3.    Зоорийн бичил уур амьсгалыг тохируулах ажиллагаа механикжаагүй учир горим алдагддаг. 
4.    Гар ажиллагаатай, ажиллах орчин хүнд, цэвэрлэгээ ариутгал муутай байдаг. 

Дөрөв. Зоорийн аж ахуйд үзүүлсэн дэмжлэг

Монгол Улсын Засгийн газраас зоорийн хангамжийг нэмэгдүүлэхдээ хөрөнгө оруулалтын дэжлэг үзүүлэх болон хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг зохион байгуулсан.

2010-2012 онд зоорийн аж ахуйд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлснээр зоорийн багтаамжийг 40,3 мянган тонноор нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээнд төсөл сонгон шалгарууалалтад шалгарсан 48 иргэн аж ахуйн нэгжид улсын төсвөөс 9,0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн. 

Зоорийн ангилал Дэмжлэгт хамрагдсан оролцогчдын тоо Зоорийн нийт багтаамж, тн  Олгосон хөрөнгө оруулалтын дэмжлэг, сая төг
1 50-500 тонн багтаамжтай зоорь  22 5050 1181.1
2  500-1000 тонн багтаамжтай зоорь 12 17400 3119.0
3 2000-10000 тонн багтаамжтай зоорь 1 10000 3000.0
4 Сэргээн засварласан зоорь 13 8450 1001.6
Дүн 48 40900 8301.6

2013-2015 онд Монгол улсын засгийн газар, Монголбанктай хамтран Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрт төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Нийт 32 аж ахуйн нэгжид 94,6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 

Хөтөлбөрийн хүрээнд байгуулсан зоориудын жагсаалтыг энд дарж харна уу.

Цаашид зоорь, агуулахын хангамжийг нэмэгдүүлэхдээ Тариалангийн тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  заасан бодлого, зорилтыг хэрэгжүүлж ажиллана.

Тариалангийн тухай хуулийн
19 дүгээрзүйл.Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг  дэмжих, санхүүжүүлэх
•    19.5.5.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт-борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, өвлийн хүлэмж байгуулах;

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 
•    3.1.13.өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах.
•    6.1.3.үнэ цэнийн сүлжээний санхүүжилтийн цогц бүтцийг бий болгож, шаардлагатай шатанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; 
•    6.1.4.хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үнэ цэнийн сүлжээг тэргүүлэгч аж ахуйн нэгжээр дамжуулан хөгжүүлэх;

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 
•    Атрын III аяныг үргэлжлүүлэх хүрээнд:
•    8. Зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтуудыг мөрдөж хэрэгжүүлнэ.
 

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам