Монгол гэрийн үйлдвэрлэл

Монгол туургатны үндэсний бахархал болсон Монгол гэр нь 3000-аад жилийн түүхтэй. Хүннү гүрний хаадын үеэс одоогийн гэрийн хэв шинжээ олж, өвөг дээдэс маань  бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ.

Монгол гэр нь уран барилгын үндэс бөгөөд орчин цагийн барилга нь уран барилгаас үүсэлтэй. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилд амьдралын гол төв болж ирсэн бөгөөд Монгол гэргүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй юм.

Гэр нь нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээвэрлэхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр нь монгол үндэстний гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор нь хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц юм.

Гэр нь тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой, хямд өртгөөр бүтдэг юм.

Нүүдлийн соёл иргэншлийн ахуй орчныг бүрдүүлэн тээгч “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” ёс уламжлалыг хүн төрөлхтөний үнэт зүйлс болгон 2013 оны 12-р сарын 06-ны өдөр ЮНЕСКО-ын соёлын биет бус өвд бүртгэн авсан. 

Монгол улс жилд иж бүрэн монгол гэр 2000 гаруйг экспортолж,  6000 орчмыг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байгаа  ба гэрийн үйлдвэрлэлийг нийслэл, хөдөө орон нутагт 150 гаруй иргэн, аж ахуйн нэгж эрхэлж  аяны, отрын, малчдын, уул уурхай, зам барилгын ажилчдын,  жуулчны баазын, хот суурин газрын, ресторан хүлээн авалт, хүндэтгэлийн, экспортын,  тоглоом-бэлэг дурсгалын гэсэн 10 төрлөөр, 1,9 м-40 м хүртэл диаметртэй,  3 ханатаас 32 ханатай  олон төрлийн зориулалтын гэрийг үйлдвэрлэж байна. 

Цаашид гэрийн үйлдвэрүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өөр материалаар орлуулан хийх, суурин болон нүүдлийн шинж байдалд тохирсон гэрийн шинэ загвар, хэрэглээний шинэ шийдлийг бий болгох, монгол гэрийн өвөрмөц хэв шинжийг олон улсад сурталчилж экспортыг өсгөх шаардлагатай байгаа ба жилд 20000 орчим гэр үйлдвэрлэж экспортлох боломжтой. 

Гэр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд дотор “Хангай гэр” ХХК, “Дээдсийн гэр” ХХК, “Халх гэр хужирт” ХХК,  “Монгол гэр хужирт” ХХК, “Зүүн сайн” ХХК, “Тэнгэрлэг өргөө” ХХК,  “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Хорол өргөө” ХХК, “Их өргөө” ХХК, “Монгол гэр” ХХК,   “Өнө монгол гэр” ХХК, “Батдэлгэрэх” ХХК, “Мөнгөн гэр” ХХК “Уянгын гурван эрдэнэ” ХХК, “Удунвара эрдэнэ” ХХК, “Уянга хийц” ХХК, “Сэлнэн” ХХК зэрэг олон компаниуд ажиллаж байна.

2016 онд Монгол улсад АСЕМ зохион байгуулагдсанаас хойш дэлхийн улс орнууд, ард иргэд монгол гэрийг улам ихээр сонирхох болсон ба монгол гэрийг барьж ашиглахад хялбар байдаг тул байгаль цаг уурын гамшгийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой болохыг олон орны ард иргэд мэдэх болсон байна. 

Монгол гэрийн эрэлт хэрэгцээг даган эерэг сөрөг үр дагавартай үйл ажиллагаа идэвхжих боллоо. Франц, Польш, Канад зэрэг улсуудад монгол гэрийг дамжуулан борлуулдаг сүлжээ ажиллаж байна.  БНХАУ, ОХУ-ын компаниуд монгол гэр урлаачдыг урьж аваачин гэр хийлгэх, гэр урлалын нууцыг хулгайлан ямар ч патент зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлн борлуулах явдал эрс ихсэж байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д  Чингисийн онгон Ордос хотод бий хэмээн дэлхийн олон жуулчдыг татан Монгол гэр, Монгол дээл, язгуур урлагийг  зөвхөн Өвөр монгол, Хятадын соёл юм шиг харагдуулахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ-д монгол гэрийн модыг хуванцар материал, төмөр карказаар, хурдан ургадаг бургас хулсаар, зиг заг наалтаар залгасан модоор хийж олноор үйлдвэрлэн  импортоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа мэдээлэл ч байна.

Эсгий бүтээгдэхүүн, эсгий үйлдвэрлэлийн талаар энд дарж үзнэ үү.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам