Хоточ нохой
Хоточ нохой, тэжээж арчлах PDF Хэвлэх И-мэйл

Монголын нүүдэлчид эрт дээр үеэс нохойг хүний дотны туслагч, үнэнч нөхөр гэж хүндэтгэн үржүүлж, ан хийлгэх, мал хариулах, эд зүйл хамгаалуулах зэрэг ажилд өргөн ашиглаж ирсэн уламжлалтай билээ. Эрдэмтэн А.Осорын тодорхойлсноор монгол нохой малчин, анчны хөдөлмөрийн бүтээмжийг 3 – 4 дахин дээшлүүлэн ажлын цаг хүчийг хэмнэх, чоно мэтийн хээрийн араатнаас мал сүргийг хамгаалах, гадаад дотоодын чухал хэрэгцээт түүхий эд арьс, ноолуурын эх үүсвэр болох зэрэг аж ахуйн эдийн засгийн олон талын ач холбогдолтой гэрийн тэжээвэр амьтан ажээ. 1950 -1960 - аад оноос монгол нохойн хэвийн өсөлтийг харгалзахгүйгээр хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм.
1920 - иод оны үед монгол хоточ нохой 200 - 300 мянга байснаа 10-20 мянга болтлоо цөөрчээ. Нохой бол хүн гаршуулан гэршүүлсэн анхны амьтан болно. Манай орны түүхийн чулуун зэвсгийн үед холбогдох олон агуй хаданд нохой дагуулсан анчин хүнийг аргал, янгир, үхрийн сүг харуулан зурсан сүг зураг ихээхэн тохиолддог ба энэ нь байгалийн бэлэн агуйгаар гэр орноо хийж байсан эртний хүмүүст нохой аль дээр үеэс дасч ойр дотно болсныг гэрчилдэг.
Нохойн өвөг бол чоно билээ. Эрдэм шинжилгээний ахмад ажилтан О.Намнандорж “урьд нохойн өвөг болох хар чоно манай оронд амьдарч байжээ” гэж мэдээллэсэн байдаг. А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл, Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлжээ. Оросын эрдэмтэн И.Акимушкин (1984) “том биетэй, сахлаг үстэй, хар зүстэй нохой нь Түвдээс гаралтай юм. Түүний нэг салбар төрөл нь монгол нохой мөн” гэж тодорхойлсон байдаг.
Монгол нохой бол бие даасан үүлдрийн нохой болно. Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ. Монгол нохой нь тус орны байгаль, цаг уурын эрс тэрс байдал, нүүдэлч түмний амьдрал ахуй, зан заншлын өвөрмөц уламжлал, нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд урт удаан хугацаанд шилэн сонгогдож галбир хийц, бие цогцос, ааш араншингийн хувьд удамшлын онцгой шинжийг хадгалсан нохойн бие даасан үүлдэр болно.
Монгол нохой нь цээж өндөр, шилбэ богино, сэрвээ бадриун том, унжмал далбагар чихтэй, зуйвандуу хар нүдтэй, сахлаг урт үстэй, ноолуур ихтэй, толгой том, гавал өргөн, магнай хавтгай, хушуу банхар өргөн, сайран хамар нь хар, үргэлж чийгтэй явдаг, нуруу уртавтар, хондлой харцага шулуун, сүүл хэвлийдээ унжмал, хонхорцог ихтэй, хадуур хэлбэртэй урт сүүлтэй, ихэнх тохиолдолд сүүлээ өргөж явдаг зэрэг галбир хийцийн онцлогтой амьтан болно. Монгол нохойн хөлийн тавилт шулуун, завьж бага зэрэг унжсан, харц дөлгөөн, хөдөлгөөн болхи удаан, унтаж амрахдаа цагираглан хэвтэж цавиндаа хушуугаа шургуулна.
Монгол нохой ясжилт сайтай, булчин сайн хөгжсөн, хүч тэнхээ ихтэй, арьс зузаан нягт, уян хатан чанартай, хүзүү богино бүдүүн, дээд мэдрэлийн системийн хөөрөл, саатлын процесс тэнцүү хөгжсөн, зориг тэсвэр сайтай, тэжээл арчилгаа төдийлөн шаарддаггүй, хашаа хот хороогоо харж хамгаалах чадвар илүү сайн хөгжсөн байна. Монгол нохой нь баргил бүдүүн, өтгөн дуутай болно. Монгол нохой дунджаар 15 - 20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар болно. Өөр холимог зүс байхгүй.

 
Тэжээл арчилгаа PDF Хэвлэх И-мэйл

Манай ард түмний олон зуун жилээр хоточ, анч нохойгоо тэжээж ирсэн баялаг туршлагатай. Нохой хоол тэжээлийн зан араншинг тэжээл олох, идэх гэж 2 ангилж болно. Нохой тэжээл олох эрж хайх, олж авах чадвар нь үнэрлэх эрхтэндээ байдаг. Хоол тэжээлээ идэхдээ зогсож зулгаах эсвэл урд хоёр хөлийн хооронд хоолоо тавиад иддэг. Монгол нохой дайралдсан тэжээлийн зүйлийг эзний зөвшөөрөлгүйгээр идэх нь ховор байдаг. Хааяа “хулгайч нохой” хочтой ноход тааралдана. Тэд харанхуй буюу шөнийн цагт гэр, байшин орон сууцны үүд хаалга, хатавч зэрэг орох бололцоотой газраар нууцаар орж тэжээлийн зүйлийг идэх буюу авч зугтана. Зөвшөөрөлгүйгээр хоол тэжээл авсан нохой түүндээ гэмшин дахин ирэхгүй буюу ирсэн ч гадаад орчноо ажиглан тойрч болгоомжтой ойртож, айсан гэмшсэн байдлаа илэрхийлнэ.
Өдөрт 2 удаа, өглөө орой махан, дотор эрхтэн, махан хоолны үлдэгдэл, шөл, сүү, агшаасан шар будаатай хоолоор хооллодог уламжлалтай. Гэвч нялх гөлөгийг олон дахин бага багаар хооллуулах хэрэгтэй. Нохой өлссөн үедээ сүүлээ шарвалзуулан эзнэ дагах, хараа хөдөлгөөнөөр нь хоол нэхэх, амаа долоож горьдсон шинжээ илэрхийлдэг. Монгол нохойд хүн тусгайлан тохитой байр засч өгч байсан уламжлал бага юм. Харин нохойд хэвтэш, бүхээг хороо, нөмөр засч бэлтгэн байрлуулсаар эдүгээ хүрчээ. Гэвч нохойн байрыг цэвэр байлгах, зориулалтын идүүр, сам, хувин, хүрз, дэрсэн шүүр хаягдал зөөх тэргэнцэр шаардлагтай. Хөдөө хээр анд явахдаа нохойн авсаархан майхан, сүүдвэрч, дор нь дэвсэх дэвсгэр авч явах нь зүйтэй.

 
Нохойн хоол тэжээл PDF Хэвлэх И-мэйл

Монгол банхар нохой дунджаар 30-35 кг жинтэй хоногт 1700 ккал бүхий 4 л хоол өгөхөд бие мах бодын физиологийн хэрэгцээ бүрэн хангана. Харин гөлгөн нохойг өдөрт 6 удаа бага багаар цадтал нь хооллуулна. Шар будаа, шөл, мах, дотор эрхтэн, сүү цийдмээр хооллож ундаалдаг уламжлалтай. Нохойд давс өгвөл хамуурдаг гэж буруу ойлгох явдал бий. Давсгүй хоол өгсөн нохой шүд муутай, давжаа, сульдаатай нохой болно. Нохой нас хүйс биеийн жингээс хамаарч өдөр 10-25 гр давс хэрэглэх ёстой гэж судлаачид тогтоосон байдан.

 
Монгол нохойг сургах үндсэн зарчим, арга PDF Хэвлэх И-мэйл

Нохой сургах асуудал бол маш нарийн ажил. Эзэн хүний уйгагүй хөдөлмөр, эв дүй зэргээс ихээхэн хамаарна. Нохой сургахдаа энгийнээс нарийн, хөнгөнөөс хүнд рүү шилжүүлэх зарчмаар сургах зарчимтай.
Нохойг сургах аргын хувьд албадах, урамшуулах, дууриалгах, дагуулах, түлхэх, шахах, өлсгөж хашраах зэрэг амьтан сургахад хэргэлдэг аргыг ашиглана. Нохой “туу”, “хэвт”, “ бос” гэх мэт богино үгтэй команд сайн тогтоодог. Туршлагтай нохойг дагуулж ан авд сургадаг. Мал хариулахдаа дагуулан явж, дуурайлгах арга хэрэглэж хонич нохой болгоно. Нохой сургахдаа түүний тайван байдлыг нь алдагдуулах, уурлуулах, цочоохоос сэргийлж, сайн арчилж тэжээж энэрэнгүй зөөлөн сэтгэлээр хандаж, өөртөө итгүүлэх хэрэгтэй.
Дараа нь яарахгүй, уйгагүй, тайван, зөөлөн аргаар сургаж эхлэнэ. Сурсан зүйлийг нь үе үе бататгах, шинээр юм сурвал урамшуулжах зэргээр байнгын дасгал сургалт хийж байвал үр дүнтэй. Харуул манааны албанд 3-4 сар, эрлийн албанд 10 сар сургадаг гэж судлаач А.Осор тогтоосноос үзэхэд эзэн хүнээс ихээхэн тэвчээр, уйгагүй хөдөлмөр ордогийн харуулж байна.

 
Нохойг өвчин эмгэгээс хамгаалах PDF Хэвлэх И-мэйл

Нохой бусад амьтны адил өвдөж шаналдаг амьтан. Нохойны галзуу, сүрьеэ, элэгний бэтэг, цагаан хорхойн өвчин хүнд халдварладаг. Иймээс нохойн эрүүл мэндэд анхаарах нь эзэн хүн өөрийгөө болон мал сүргээ нохойгоор дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх үндэс болно. Жилд хоёр удаа цагаан хорохойн туулга уулгаж, нэг удаа галзуу, гудрага, зэрэг өвчнөөс сэргийлэх вакцин тариулж байх хэрэгтэй.
Цээж өндөртэй, шилбэ богино, сэрвээ бадриун том, унжмал том чихтэй, сахлаг урт үстэй, толгой том, гавал өргөн, хошуу банхар өргөн, сайран хамар нь хар, нуруу урт, харцага шулуун, хадуур хэлбэрийн урт сүүлтэй, ихэнх тохиолдолд сүүлээ өргөн явдаг, бие томтой, эрүүл чийрэг цэвэр монгол банхар нохой ховордож байна. Иймээс цэвэр үүлдрийн монгол нохойг өсөх үржүүлэх сонирхолтой зарим хүмүүс 250 -300 мянган төгрөгөөр худалдан авч байна.

 


Хайлт

Санамсаргүй зураг

Санал асуулга

Та Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэр сайн мэдэх вэ?