“Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форум токио хотноо эхэллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.12.20 13:40


       Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 20-нд “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форумыг Япон улсын Токио хотноо Япон Улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам, Японы Гадаад худалдааны байгууллага/JETRO/, Японы Жижиг Дунд Үйлдвэрлэлийн агентлаг, Монгол Улсын ХХААХҮЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, ЖДҮХСан, Экспорт Олон улсын худалдааны төв /ЭОУХТөв/ байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байна.

         Энэ удаагийн Invest in Mongolia 2019 арга хэмжээнд Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Японы талд танилцуулах зорилгоор уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, зөвлөх үйлчилгээний салбарын төлөөлөл бараа бүтээгдэхүүний дээж, танилцуулгаараа үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Япон-Монголын бизнес форумд Японы талаас 200 гаруй албан болон бизнесийн төлөөлөл оролцож байна. 

      Форумд ҮХГ-ын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, ХХААХҮЯ-ны НБТГ-ын дарга М.Энх-Амар Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь боломжууд, ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр “ЖДҮ-ийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр  илтгэлүүдийг тавилаа.

Форумын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол улсын бизнесийн салбарынхан Японы бизнесийн төлөөлөлтэй  бизнес уулзалтуудыг хийх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12-р сард Монгол улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Япон улсад ажлын айлчлал хийхдээ, Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр орны Жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон бөгөөд тус ажлын хүрээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/, Японы Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форумыг ийнхүү зохион байгуулж байна. 
 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам