БНСУ-ТАЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.02.06 10:36


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг “КОТРА”-ийн монгол дахь төвийн захирал Жон Вон Жүнь, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан I дүгээр нарийн бичгийн дарга болон ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ЖДҮ, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан нар оролцлоо.

            ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцлоод энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засаг тэр дундаа ХАА-н салбарын харилцааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

            БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсын ХАА-н салбарын татаас, урамшууллын үр дүнг үнэлэх, сайжруулах” төслийг хэрэгжүүлэх саналыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн бөгөөд урьдчилсан шатны шалгуурт тэнцээд байгаа тухай мэдэгдэв. Түүнчлэн БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн хэрэг эрхлэх яамтай хамтран “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтворжуулах” төслийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар боллоо.

            Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улсаас экспортлох ХАА-н гаралтай бүтээгдэхүүн жишээлбэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, малын дайвар түүхий эд, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний худалдааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.   


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам