Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.06.10 16:32


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хүрээнд Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулав. Нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй сүүний салбарын төлөөлөл оролцлоо. Энэ арга хэмжээ нь 2020 онд тохиож байгаа Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ойн бүтээлч ажлын нэг санаачилга болж байгааг онцлох нь зүйтэй.

Ази тив нь дэлхийн хүн амын 60 гаруй хувь, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг онцлогтой. Тус тивд 48 улс орон байгаагаас “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам гэсэн 13 улс нэгдээд байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагаас санаачлан “Dairy Asia” Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. “Ази тивийн сүү үйлдвэрлэл” индэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод өнөөдөр үүсгэн байгуулж байгаа юм.

Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад хамтын ажиллагааны зорилго оршиж байна.

Монгол Улс Ази тивийн бүх улс оронтой найрсаг харилцаатай тул Ази тивийн сүү үйлдвэрлэлийн санаачилгыг манлайлж, хэл соёл, шашин, угсаатны ялгаа ихтэй Азийн улс орнуудыг гишүүнээр нэмж элсүүлэх, хамтран ажиллах боломжтой юм. Нөгөө талаар таван хошуу малын сүүг бэлтгэх, ашиглах, хэрэглэх өвөрмөц соёл уламжлалтай Монгол Улсын хувьд Ази тивийн сүү үйлдвэрлэл, хэрэглээнд онцлох ач холбогдол өгч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Улаанбаатар хотод байгуулж байгаа Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс зэрэг олон улсын байгууллагаас дэмжиж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулснаар Монгол Улсад төдийгүй Ази тивийн бүс нутагт  өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад харилцаа хөгжиж шинэ шатанд гарна. Монгол Улсын сүүний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах нөхцөл, боломж бүрдэнэ. Цаашид урт хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд экспортлоход Монгол Улсын имиж төрхийг бүрдүүлж, стратегийн хувьд өргөн бололцоо нээгдэнэ.
  2. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны институтийн дараа Монгол Улсад төвтэй олон улсын 2 дахь институц бий болж, гадаад харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын гадаад нэр хүнд бэхжинэ.
  3. Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, хөдөө аж ахуйн салбарын идэвхтэй хамтын ажиллагаанд түшиглэн Төв Ази, зүүн хойд Ази, Баруун Ази, Ойрхи Дорнодын бүс нутгийн улс орнуудыг гишүүнээр элсүүлэх, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөтгөх нөхцөл, боломж бүрдэнэ.
  4. Ази тивийн бүс нутагт сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй төдийгүй ингэ, гүү, хонь, ямааны сүү үйлдвэрлэлийг дэмжих, эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулах, сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Зүүн хойд Азийн Япон, БНСУ, БНАСАУ, Төв Азийн Казакстан, Киргизстан, Узбекистан, Тажикстан, Туркменистан, цаашид Ази тивийн бусад улс орнуудад гишүүнчлэлийн санал тавих, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг үндэсний болон бүс нутгийн түвшинд нэмүү өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх техник туслалцааны төслийн санал боловсруулах, хамтран хэрэгжүүлэх саналыг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/ зэрэг байгууллагад тавьж шийдвэрлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Түүнчлэн Ази тивд сүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, тус банкны идэвхтэй дэмждэг КАРЕК /Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа/-ын хүрээнд болон бусад бүс нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар хамтран ажиллахыг зорьж байна.

Сүү, сүүн үйлдвэрлэл, хэрэглээний ач холбогдлыг бүс нутаг, олон улсад бодитой сурталчлан таниулах зорилгоор гишүүн улс орнуудад олон нийтэд нэр хүндтэй соёл, урлаг, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийг “Dairy Asian ambassador” элч төлөөлөгчөөр өргөмжлөх, “Дэлхийн сүүний өдөр”, “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” зэрэг олон улсын өдрийг гишүүн орнуудад тэмдэглэх, сүү, сүүн бүтээгдэхүүний маркетингийг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах нь Нарийн бичгийн дарга нарын газрын чухал зорилт болно.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн салбарт харилцан туршлага солилцох нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, урамшуулах зорилгоор Ази тивийн шилдэг сүүний фермерийн аж ахуй, Ази тивийн шилдэг сүүний үйлдвэр, Ази тивийн шилдэг менежмент, туршлага гэсэн номинацуудыг бий болгох, “Dairy Asian Trust Fund” Итгэлцлийн санг хамтран бий болгож  хөгжиж байгаа улс орнуудад сүүний салбарын судалгаа хөгжлийн жижиг төслүүдийг дэмжих, сүүний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын бүс нутгийн цахим сүлжээ зохион байгуулах, судалгааны ажлын цахим санг үүсгэх, ашиглах чиглэлд идэвхтэй хамтран ажиллана. Түүнчлэн “Dairy Asian social responsible partner” түнш байгууллагуудыг тодруулж, тэдэнтэй хамтран ажиллах нь Ази тивийн сүү үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын хүрээнд сарлагийн сүү үйлдвэрлэлээр Монгол, БНХАУ, Непал, Бутан, Тажикстан зэрэг орнууд, гүүний саам үйлдвэрлэлээр Монгол, Киргизстан, БНХАУ, Казакстан зэрэг орнууд, ингэний сүү үйлдвэрлэлээр Монгол, БНХАУ, Киргизстан, Арабын орнууд, ямааны сүү үйлдвэрлэлээр Монгол, Энэтхэг, БНХАУ, Пакистан зэрэг орнууд, хонины сүү үйлдвэрлэлээр Монгол, БНХАУ, Турк, Сири, Иран, Афганистан зэрэг орнууд хамтран ажиллах боломжтой гэж үзэж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.               


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам