Мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог шинэ шатанд гаргаж, малын эрүүл мэндийг сайжруулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.06.16 18:10


“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумд барьсан “Малын эрүүл мэндийн нэгдсэн төв” Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтцэд шууд харьяалагдан ажиллахаар боллоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Малын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, мал сүргийн эрүүл мэнд болон мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах”-д хамтран ажиллах тухай Хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр \2020.06.16\  Мал эмнэлгийн ерөнхий газар болон “Оюу толгой” ХХК –ийн хооронд гарын үсэг зурлаа. Мал эмнэлгийн ерөнхий газрыг төлөөлөн МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, "Оюу толгой"  ХХК-г төлөөлөн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны судалгаа, лабораторийн шинжилгээ дээр үндэслэсэн мал эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх  болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бүс нутгийн хэмжээнд шинээр бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм.  Ханбогд сумын Малын эрүүл мэндийн нэгдсэн төв нь бүс нутгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын бүх үйлчилгээг төвлөрүүлсэн, шинэлэг, анхдагч үйлчилгээ үзүүлэх нэгж болох бөгөөд бүс нутгийн мал аж ахуйн салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг  болох юм.

 2017 онд шинээр батлагдсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон “Малын генетик нөөцийн тухай хууль” амьдрал дээр хэрэгжих нэг түшиц бааз суурь болж байгаараа энэ хамтын ажиллагаа, түншлэл чухал ач холбогдолтой юм гэж талууд онцоллоо. 

 

 “Малын эрүүл мэндийн нэгдсэн төв”-ийг  “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 1.4 тэрбум төгрөгөөр барьж 2018 оны хавар ашиглалтад оруулсан юм.  Мал сүргийн ашиг шимт чанарыг нэмэгдүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үндсэн зорилготойгоор байгуулж орон нутгийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой хувь нэмэр болохыг тус сангаас зорьжээ.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам