Бүгд найрамдах Франц Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.07.23 8:50


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон бусад холбогдох төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдад баяр хүргэж ажлын амжилт хүсэхийн сацуу цаашид Монгол-Францын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг онцгойлон дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд “Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг хөгжүүлэх” төсөл, Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол, Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хэрэгжиж буй бичил зээлийн төсөл зэргээр харилцан санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд цаашдын хоёр орны эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд улам их анхаарал хандуулан ажиллахаа хоёр тал илэрхийлэв.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам