ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан яамны харьяа байгууллагуудад ажиллалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.07.21 8:55


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа,  Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зэрэг байгууллагад ажиллан, санал солилцож, тодорхой асуудлаар  үүрэг чиглэл өглөө.

З.Мэндсайхан:Сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой
Уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн энэ онд газар тариалан болон мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг сайжруулахаар тариалан эрхлэгч, иргэн аж ахуйн  нэгжид олгосон санхүүгийн дэмжлэгийн талаар тайлан мэдээ сонслоо. Тус сан нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч давхардсан тоогоор 1427 иргэн, аж ахуйн нэгжтэй 2020 онд гэрээний үндсэн дээр хамтран ажилласан тухай тус сангийн захирал танилцуулав. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүжилт, үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстойг санууллаа.  Мөн Засгийн газраас  тавьж буй зорилтыг хангаж ажиллах нь чухал. Сангаас дэмжлэг үзүүлсэн ажлуудын үр дүнтэй эсэх, бодитой ажил хэрэг болсон эсэхэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч  ажиллах учиртайг З.Мэндсайхан сайд онцоллоо.

Малчдыг мэдээллээр хангаж, хамтран ажиллах нь чухал
Үүний дараа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа. Бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлэхээр тус захиргаа ажиллаж байна. Одоогийн байдлаар мэдээллийн санд шаардлагатай  худаг, өвөлжөө, бууцны мэдээллийг нэгтгэсэн байна. Бэлчээрийн багтаамж, зөв зохистой ашиглалтын талаар малчдыг мэдээллээр хангаж, харилцан ойлголцолд хүрч хамтран ажиллах нь бэлчээр ашиглалт болоод малын тоо толгойг зохистой түвшинд барихад чухал ач холбогдолтойг З.Мэндсайхан сайд хэлэв. Орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог хангахад мөн анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Үйл ажиллагааны чиглэлийг эргэж танилцуулахыг үүрэг болголоо
Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын захиргааны удирдлага өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд,  гадаадын хөрөнгө оруулалтаар цаашид хийх төслийн талаар танилцуулав. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын зөрчин газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээ хууль хяналтын шатанд явааг энэ үеэр танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан газрын маргаантай холбоотойгоор гацаанд орсон энэ асуудлыг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх арга зам, цаашид учрах үр дагавар, санхүүгийн байдал зэрэг мэдээллийг нарийвчлан бэлтгэж эргэж танилцуулахыг “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын захиргааны удирдлагад үүрэг болголоо.

Уулзалтын төгсгөлд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн онцлох ажлуудын танилцуулга сонсов. Тус төв нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэргэжлийн болон техникийн зөвлөгөө үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид өгөх, малын тэжээл болон хүнсний ногооны шинэ сортуудыг турших зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам