Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн нээлтийн семинар боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.08 14:31


Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн нээлтийн семинар өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон Япон Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хиромичи Мияшита болон төсөл хэрэгжих аймаг, орон нутгийн төлөөлөгчид оролцов.

Төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад 2020-2026 онд хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн зохистой дадлын хүрээнд хүнсний ногоо тариалах, хураах, хураалтын дараах боловсруулалт хийх, усны хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангах, сав баглаа боодол, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд үр ашигтайгаар нийлүүлэхэд нь чиглэсэн чадавх бий болгоход дэмжлэг үзүүлж, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах юм.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ өнөөгийн түвшингээс 12%-иар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан эрхлэх чадавх бий болж, таримлын ургац нэмэгдэж, үр ашигтай маркетинг хэрэгжүүлж, хүнсний ногоо тариалагчдын орлого нэмэгдэнэ.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам