ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Ховдод ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.10 14:37


Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Ховд аймагт болж буй баруун бүсийн аймгийн удирдлагуудын уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцлоо. Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховдод ажиллаж байна.

Баруун бүсийн аймгууд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан юм. З.Мэндсайхан сайд бэлчээрийн даац, усны менежмент, махны хангамж болон салбарын мэдээллийг уулзалтын үеэр танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг онцолж хөндлөө.

Дэлхийн дулаарал, малын тооны өсөлт, хортон, мэрэгчдээс шалтгаалж, бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байна. Малчид үржилд тэнцэхгүй хээлтэгч болон эр, сувай малыг бага насанд нь зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах ажлыг малчдын түвшинд хийх хэрэгтэй байна.

Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байна.

Дэлхий нийтээр Ковид-19 цартахал дэгдсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас улаанбуудай болон түүний үр, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх тухай хуулийг батлан хэрэгжүүллээ.

Ирэх өвөл, хаврын улиралд шаардагдах аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс,15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам