“Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэд сайд нарын түвшний V хуралдаан” цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.11 14:43


“Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /одоогийн “ГЕГ”/ хоорондын Хэлэлцээрийг 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Дэд сайд нарын хамтын ажиллагааны механизмыг байгуулан Монгол – Хятадын ХАА-н бүтээгдэхүүний худалдааны бодлогыг тодорхойлон 2 жил тутамд хуралддаг. Энэхүү механизмын ээлжит V хуралдааныг 09 сарын 11-ний өдөр он-лайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Хуралдааныг МУ-ын ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, БНХАУ-ын ГЕГ-ын Дэд сайд Жан Жи Вэнь нар хамтран даргалж БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, МЭЕГ, МХЕГ-ын албаны төлөөлөгчид оролцлоо.

ХХААХҮЯ-наас “Хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд, худалдааны эргэлт, ХАА-н бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг бодлогоор нэмэгдүүлэх холбогдох эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр МХЕГ, МЭЕГ зэрэг мэргэжлийн агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж ирсэн билээ. Хурлаар МУ-аас экспортлох хөх тариа, улаан буудайн гурилын холбогдох ургамлын хорио цээрийн шаардлагын тухай Протоколыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Сайд Ван И-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр байгуулж, гурилын экспортын эрх зүйн орчныг бий болгохоор тохиров.

Мөн адууны дайвар түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын нөхцөл шаардлагыг 2020 онд багтаан тохирох, зөгийн балны хянан магадалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр шийдвэрлэв.Мөн 2016 онд МУ-ын баруун бүсийн зарим аймагт гарсан бог малын мялзан өвчний дэгдэлтээс шалтгаалан салаа туурайтай малын махны экспортод түр хориг тавиад байгаа юм. МЭЕГ-аас шүлхий, мялзангийн хяналтын тайланг хүргүүлсэн бөгөөд түүнд үндэслэн баруун бүсийн экспортын түр хоригийг цуцлах эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр болов.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам