Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (best) хөтөлбөр “covid-19:түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь форум - 2021” -ыг зохион байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.16 11:42


ХХААХҮЯ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран КОВИД-19 цар тахлын хүрээнд жижиг, дунд бизнесүүдэд тулгарч буй асуудлуудыг хэрхэн даван туулах тухай “COVID-19: Түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь форум - 2021”-ийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү форум нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтэд тулгарч буй асуудлуудын талаар төрийн болон хувийн хэвшлийн салбарын төлөөлөл хоорондын нээлттэй хэлэлцүүлэг хийж, энэхүү нөлөөллийн эсрэг авах боломжит шийдлүүдийн талаар санал солилцох үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Дэд Сайд Г.Батсуурь, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческигээр ахлуулсан АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Худалдааны танхим болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

ХХААХҮ-ийн Дэд Сайд Г.Батсуурь хэлсэн үгэндээ “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (best) хөтөлбөр “Сovid-19:түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь форум нь КОВИД цар тахлаас үүдэн эдийн засгийн хүндрэлтэй үед жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд өөрсдийн судалгаа дүгнэлт, сайн туршлагууд, хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, хамтран ажиллах боломжоо ярилцаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна” гэж дүгнээд КОВИД-19 цар тахлын улмаас ЖДҮ-ийн салбарт тохиож буй энэ сөрөг үр нөлөөг даван туулж, тэдний хөгжлийг дэмжихэд дэмжигч байгууллагуудтай  үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж онцлов.

КОВИД-19 цар тахлын үед оролцогчдод биечлэн эсхүл цахим шугамаар оролцох боломжийг олгосон бөгөөд Улаанбаатар болон BEST хөтөлбөр хэрэгжүүлж буй 8 аймаг (Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан)-аас нийт 200 гаруй төлөөлөгчид цахим хэлбэрээр идэвхтэй оролцов.

Форумыг ЖДБ-ийг дэмжих чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл, хамтын ажиллагаа болон Төрийн бус байгууллага, судлаачдын зүгээс ЖДБ-үүдэд үүсэж буй нөхцөл байдал, цаашдын хандлага, олон улсад хэрэгжүүлж буй туршлага, зөвлөмжүүд гэсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулав.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх BEST хөтөлбөр нь Засгийн газар болон хувийн хэвшлийн салбартай хамтран бизнесийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал болон хяналтын тогтолцоог сайжруулах, санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүдэд бичил санхүүжилт олгох зэрэг ЖДБ-ийг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц орчныг бий болгох, дэмжих зорилгоор хэрэгжиж байна.

BEST хөтөлбөр нь 2019 оны 12 дугаар сард хэрэгжиж эхэлснээс хойш нийт 3,500 ЖДБ эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, үүнээс 426 ЖДБ эрхлэгчид 15 тэрбум гаруй төгрөгийн зээлийг амжилттай зуучилсан байна.

BEST Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим сүлжээгээр дамжуулан авна уу.

https://www.facebook.com/BESTprogramMN
https://twitter.com/bestprogram1

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам