Дарханы арьс ширний цогцолборын ажилтай танилцав

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.09.21 14:29


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү цогцолборын хүрээнд бог, бод малын арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр, эсгийний үйлдвэр, судалгаа хөгжлийн инновацийн төв, желатин уурагийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж тус тус баригдах юм.

Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулах боломж нээгдэнэ. Тус цогцолборын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилд хувийн хэвшил болон гадаадын туршлагатай компаниуд хамтран ажиллаж байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Дархан-Уул аймаг руу нүүлгэж, 10 сая ширхэг хүртэл арьс шир, 10 мянган тонн ноос боловсруулах бөгөөд шууд 3000 гаруй ажлын байр бий болгох юм. Бүтээн байгуулалтын ажлын явц 60 хувьтай байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам