“Хүнсний аюулгүй байдал- шимт чанар” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.10.14 11:58


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг Монгол Улсад үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал- Шимт чанар” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2020.10.14/ зохион байгуулж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Наранмандах нар оролцож үг хэлэв.

2016 оноос уламжлал болгон зохион  байгуулж буй бага хурлын эхэнд хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор Р.Батмэнд тавьсан юм.

Бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
  • Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
  • Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах;
  • Хүнсний салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах.

“Хүнсний аюулгүй байдал- Шимт чанар” эрдэм шинжилгээний бага хуралд Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Технологийн дээд сургууль, Техник, технологийн дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан, судлаачид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжээч, судлаач нар бүтээлээ ирүүлжээ. Бага хурлын үйл ажиллагаа өргөжин хөгжиж Унгар Улсын Истван их сургууль болон Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн судлаачид бүтээлээ ирүүлснийг онцлон тэмдэглэж байна. Бага хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийг холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хянан үзэж шалгаруулах юм.

Бага хуралд тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан оюутан, судлаачдын шагналыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам