Дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.10.16 13:58


Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Энэ өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Дэлхийн II дайны дундуур, 1943 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар зарлан хуралдуулж энэ хурлаас гаргасан шийдвэрийн дагуу дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилготой байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагдсан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байсан юм.

1981 онд хуралдсан тус байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас аравдугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтсоноос хойш энэ жил 40 дэх удаагаа тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 75 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар чармайж буй онцгой мөчид тэмдэглэж байна.

Энэ арга хэмжээг нээлтэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар үг хэлэв.

“Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдвээр Монгол Улсад суугаа АНУ, Энэтхэг, Япон, ОХУ-ын элчин сайд нарын хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Бид уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хоол хүнсний хорогдол, хаягдал, шим тэжээлийн дутагдал, түүнээс үүдэлтэй элдэв өвчлөл зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг олж дорвитой өөрчлөлтийг одоо л хийхгүй бол сэргийлж болох боловч чадаагүй олон асуудлын төлөөсийг үр хойч маань төлж болзошгүй байна. Үүний нэг нь одоогийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж оновчтой хийх талаар бидэнд тодорхой зүйл бага байна. Ялангуяа цар тахлын энэ үе асуудлыг улам төвөгтэй болгож байгаа. Энэ хэлэлцүүлгээр дээрх асуудлуудад элчин сайдуудын анхаарлыг хандуулж тэдний санал бодол, гарц шийдлийн талаар ярилцсан юм.

 Монгол Улсын Хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал, шимт чанар-2020” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж,  шилдгүүдийг тодруулсан юм.

 Бага хурлыг эхлүүлж хүнсний салбарын ахмад зүтгэлтнүүдээс хүндэтгэлийн илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ удаа Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор Р.Батмэнд хүндэт илтгэгчээр оролцлоо.

 

 Шагналтнууд:

Судлаач:

Тэргүүн байр: “Сүүний үйлдвэрийн хаягдал шар сүүг дахин боловсруулж шим тэжээлийн болон эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Туяагэрэл

Дэд байр: “Бета-каротин нийлэгжүүлэгч бичил замгийн өсгөвөр сонгосон судалгааны дүн” сэдэвт илтгэлээр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл

Тусгай байр: “Хүн амын шим тэжээлийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг

 

Оюутан:

Тэргүүн байр: “Малын дэлүүнээс протеолитик энзим фракцлах” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Х.Мөнхгэрэл

Дэд байр: “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, асуудал, шийдэл” сэдэвт илтгэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн оюутан Б.Уянга

Тусгай байр: “Улаан гоёоны (Songoria cynomorium)-ны биологийн идэвхид суурилсан функциональ хүнс гарган авах судалгаа” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Б.Бадамгарав

Бага хурлын хүндэт илтгэгч, судлаачийн болон оюутны тэргүүн байранд шалгарсан оролцогчдын шагналыг Дэлхийн хүнсний өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гардуулав. Харин судлаачийн болон оюутны дэд, тусгай байранд тус тус шалгарсан оролцогчдын шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн яамны хурлын танхимд гардууллаа.

Бага хуралд амжилттай оролцсон оюутанд Монголын хүнсчдийн холбооноос нэрэмжит шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хуралд “Элэг, гүзээтэй амталж хатаасан адууны махны технологийн судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэлээр амжилттай оролцсон Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн оюутан А.Лхамжав, Б.Буян-Арвижих, Б.Мөнгөнцэцэг нарт Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал, “Улаанбаатар гурил” ХХК-нд ажиллах эрхийн бичиг, “Синапс” ХХК-ийн шагналыг Монголын хүнсчдийн холбооны менежер Д.Отгонжаргал, “Таванбогд” группын Борлуулалтын газрын захирал Х.Хишигбаяр, “Синапс” ХХК-ийн захирал Д.Нарангэрэл нар гардууллаа.

Уламжлал болсон тус бага хурлыг 2021 онд “Хүнсний аюулгүй байдал – Хүнсний сүлжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар зарлалаа.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам