Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.11.02 11:12


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан аймаг орон нутгийн Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ удаа Өмнөговь аймгийн Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн төлөөллийг Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөтөлбөр, “Денимон” ХХК-ны  Urban брэнд, “Три Флэймс” ХХК-ны хадлан дээлний үйлдвэрлэлийн үйл явц, техник, технологитой өнөөдөр /2020.11.02/ танилцуулсан юм.  11-р сарын 03 ны өдөр Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан “Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн зохион  байгуулалт” сэдэвт сургалт, 11-р сарын 04 нд “Мон Ит Булигаар” ХХК,  “Мон Ирээдүй” ХХК арьс шир боловсруулах үйлдвэр, “Блюскай” ХХК даавуу нэхэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах юм.

 

“Денимон” ХХК  бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорьж байна

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, брэнд хөгжүүлэлтээрээ оёдлын салбартай манлайлж яваа улсын хэмжээнд цор ганц жинсэн бүтээгдэхүүнээр хувцас үйлдвэрлэдэг “Денимон”ХХК оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт манлайлж яваа аж ахуй нэгж юм.  

“Денимон” ХХК 2009 онд гурван үүсгэн байгуулагчийн санаачлагаар байгуулагджээ.  Монгол улсад анх удаа  удаа  “Деним буюу жийнсэн материал”-аар хувцас үйлдвэрлэх эхлэлийг тавих, технологийг нутагшуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр үйл ажиллагаа эхлүүлсэн. Байгуулагдсан цагаас  хойш дан ганц өмд үйлдвэрлэж байсан бол 2015 онд үндэсний баяр наадмын  гоёл болох Монгол цамц, хүрэм, хантааз, дан дээл зэрэг бүтээгдэхүүнийг жинсээр урлаж, “Хүрээ” коллекцийг хөгжүүлж эхэлжээ.

Мөн 2017 оны хаврын улирлаас эхэлж, брэнд бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт оруулж, 10 гаруй нэр төрлийн хувцсыг зах зээлд амжилттай гаргасан юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэй / бариу, нарийн, шулуун, банана, каррот/  эмэгтэй / бариу, шулуун, нарийн, банана, трапец, MOM/ зэрэг олон нэр төрлийн жинсэн өмдийг өнгө загварын өргөн сонголттой үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Мөн жинсэн цамц, пиджак, яак,  дотортой хувцас болон футболка, цамц, бомбер, юбка, шорт, куртка зэрэг өдөр тутмын хувцаснаас гадна бүх төрлийн ажлын хувцсыг стандартын дагуу захиалгаар хийдэг.   Цагаан сар, үндэсний баяр наадмаар “Хүрээ” үндэсний хувцасны коллекцио танилцуулдаг уламжлалтай болжээ.

Цаашид үйл ажиллагаа илүү өргөжүүлж, брэнд гадны зах зээлд борлуулах, экспортлогч компани болохоор зорьж байна. Мөн “Денимон” ХХК зулхайн үйлдвэрт даавууны хаягдлаа нийлүүлж, хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлж байна. 

 

Три Флэймс” ХХК бүтээгдэхүүнээ Буриад, Өвөр Монгол, Тува, Америк, Канад зэрэг улсад экспортолж байна

“Три Флэймс” ХХК нь өвлийн гадуур хүрэм, тусгай зориулалтын цүнх,4 улирлын аяны хөнжил болон Хадлан нэрийн дээлийг импортын бараатай өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэж байна. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай загварын шийдэлтэй хадлан нэрийн бүтээгдэхүүн Буриад, Өвөр Монгол, Тува, Америк, Канад зэрэг улсад экспортолж байна.  Тус компани  жилд 6000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 30 гаруй ажлыг байрыг бий болгожээ.

Хадлан дээл нь уламжлалт үндэсний Монгол дээлийн материал болон загварын хувьд өнөө цагийн хэрэглээнд нийцүүлэн “Flames” brand бүтээсэн байна. Энэ бүтээгдэхүүний онцлог давуу тал нь гадар материал ус салхины хамгаалалттай, дотор биеийн дулаан 70% барьдаг, хөнгөн цагаан ялтсан нано материал бүхий сөдөн синтепон, ханцуйн манжеткатай, олон тооны халаастай, дөрвөн улиралд хэрэглэх боломжтой байхаар үйлдвэрлэжээ. Энэхүү бүтээгдэхүүнээрээ Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын бүтээгдэхүүний загварын патент эзэмшдэг байна.

Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  санаачлагаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн ач холбогдлыг таниулах, сайн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам