ХХААХҮЯ: Мах, хүнсний хангамж тогтвортой байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2020.11.14 17:15


Мах, хүнсний хангамжийн асуудлаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн ХХААГ-ын дарга Б.Баянбат нар хэвлэлийнхэнд  мэдээлэл өглөө. ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш ярианыхаа эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулсныг онцоллоо. Энэхүү шуурхай штаб өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдын  төлөөллийг оролцуулан цахим хурал хийж, хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр үүрэг чиглэл авчээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт  хийж байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм.  Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуушлагчдын  гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах юм.

Нөөцийн мах борлуулах цэгүүд: 

  • Баянгол дүүрэг 
    • II хороо, KFC төвийн баруун талд 
    • 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд 
  • Баянзүрх дүүрэг 
    • 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд 
    • 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай 
    • I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
    • 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
  • Чингэлтэй дүүрэг
    • 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд 
    • 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил 
  • Сүхбаатар дүүрэг
    • Хангай хотхоны гадна талбай 
    • 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай 
  • Сонгинохайрхан дүүрэг
    • 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай 
    • 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай 
    • 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай 
  • Хан-Уул дүүрэг 
    • Лавай худалдааны төвийн гадна талбай 
    • Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай

Нөөцийн махыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлнэ.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам