Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.02.23 18:58


Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдаас ДААЛГАХ нь:

Нэг. Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга нарт:

Өвөлжилт хүндрэлтэй байсан зарим аймгуудад хаваржилтын байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх, цаг үеийн ажлыг Ковид-19-ийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжилтийг хангуулах зорилгоор харьяалах нутаг дэвсгэртээ дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллах. Үүнд:

1.1. 2021 оны төл хүлээн авалтын бэлтгэл ажлыг сум, багийн түвшинд бүрэн хангуулах;

1.2. Байгаль цаг уурын аюултай үзэгдэл /цасан болон шороон шуурга/ гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг мэдээллийн бүх сувгаар шуурхай,   дамжуулах зохион  байгуулалтын арга хэмжээ авах;

1.3. Цаг агаарын байдлаас хамаарч хаваржилтын байдал хүндэрч болзошгүй, аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх ажлыг хуваарийн дагуу цаг алдалгүй зохион байгуулах;

1.4. Хур тунадаснаас хамаарч хаагдаж болзошгүй зам даваанд тогтмол пост ажиллуулж хэвийн үйл ажиллагааг хангах зохицуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх ;


1.5. Хаврын тариалалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгох үр, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууны гэрээг орон нутгийн салбаруудаар дамжуулан хийх, сэлбэг, шатахууны нөөцийг бүрдүүлэх, татан авах ажилд тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангаж  тасалдалгүй, шуурхай зохион байгуулах,

1.6.Аймаг, сум орон нутгийн түвшинд мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэг зэм устгах, халдваргүйжүүлэх,тариалалтын үеэр (КОВИД-19) цар тахлын хорио цээрийн зэрэгтэй уялдуулсан зөвлөмж боловсруулж мөрдүүлэх;

1.7. Ноос, ноолуур, арьс ширний бэлтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллага, үндэсний үйлдвэрүүд, холбоодтой хамтран зохион байгуулах;

1.8. Түүхий эд бэлтгэгч нар орон нутагт ажиллахаар явах болон орон нутгаас хүн ам төвлөрсөн суурин газарт буцаж ирэхдээ Ковид-19 халдварын PCR  шинжилгээнд хамрагдсан байх;

1.9. Түүхий эд бэлтгэлийг нэгдсэн зохион байгуулалттай  бэлтгэх боломжийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх;

1.10. Өвөлжилт хүндрэлтэй байсан, хаваржилтын байдал хүндэрч болзошгүй үед мал сүрэг олон тоогоор хорогдож, цаг агаар дулаарч эхлэхтэй зэрэгцэн хүн, малын халдварт өвчин тархаж болзошгүй тул аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын захирамж гарган харьяалах нутаг дэвсгэртээ хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж, булж устгах, мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж  ажиллах;

1.11. Мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шаардагдах хүн хүч, тээврийн хэрэгсэл болон бусад зардлыг шийдвэрлэж уг ажилд орон нутгийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулах, мөн олон нийтийн санал, санаачилгыг өрнүүлэн, энэ ажлын зорилго ач холбогдлыг өргөн сурталчлах;

1.12. “Журам, чиглэл батлах тухай” Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах ажлыг зохион байгуулах;

1.13. Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргасан Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулах зөвлөмж зэргийг  үндэслэн тухайн харьяалах нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх, дамжин өнгөрөх чиглэл, хугацаа, нутаг дэвсгэрийг тогтоож, хяналт тавьж  ажиллах;

1.14. Засгийн газрын 2020 оны 63 дугаар  тэмдэглэлд заасны дагуу оторлож байгаа тухайн бэлчээрийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор чөлөөлүүлэх зохицуулалтын арга хэмжээний хүрээнд отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг томилж ажиллуулах;

1.15. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах.


Хоёр. Мал эмнэлгийн ерөнхий газар, харьяа мал эмнэлгийн газар, тасгийн удирдлагуудад:

2.1. Улсын хэмжээнд халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх нэгдсэн төлөвлөгөө гарган төв, орон нутгийн байгууллагуудад хүргүүлж, мэргэжлийн нэгдсэн заавар, удирдамжаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулж ажиллах;

2.2. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай вакцин, оношлуурыг технологит хугацаанд нь хүргүүлж, хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;

2.3. Улсын малын эмийн бүртгэлд орсон, чанар стандартын шаардлага хангасан, хүн, малын эрүүл мэнд, байгаль экологид хор нөлөөгүй, ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэн, хангамжийг сайжруулж ажиллах;

2.4. Мал эмнэлгийн гэрчилгээний системийн үйл ажиллагааг сайжруулж, мал аж ахуйн гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;

2.5. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, түүхий эд бүтээгдэхүүн хадгалдаг зоорь, агуулахууд, хүнсний зах, худалдааны төвүүд, гахай, шувуу, амьтан тэжээдэг аж ахуйн нэгжүүдтэй ариутгал, халдваргүйтгэл хийх гэрээ байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллах;

2.6. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу мал, амьтан өмчлөгч этгээдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон зөвлөмж гарган хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

2.7. Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, авто тээврийн хяналтын болон хууль сахиулах байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулж, хамтран ажиллах;

2.8. Төв суурин газар, улс, аймгийн чанартай зам, малын бэлчээр, тариалангийн талбай, гол, горхи, булаг шандны орчимд мал, амьтны хүүр, сэг зэмийг орхиж хаясан эх үүсвэрийг мөрдөн мөшгөж тогтоон, буруутай этгээдэд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцдог журмыг мөрдөж, хэвшил болгож ажиллах.

2.9. “Мал, амьтны хүүр, сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 6406:2013 стандартыг мөрдүүлэн, Сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн гэрээт мал эмнэлгийн ажил, үйлчилгээний нэгж бүрд хариуцан ажиллах газар, орчныг хуваарилан өгч албажуулан, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг малчид, мал өмчлөгч нэг бүрээр хийлгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

2.10. Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм устгал, хүнсний аюулгүй байдал, ариутгал халдваргүйтгэлийн ач холбогдлын талаарх мэдээлэл сурталчилгааг олон нийтэд тодорхой төлөвлөгөө, давтамжтайгаар дамжуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

Гурав. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт:

3.1. Хаваржилтын нөхцөл байдал, хаврын тариалалтын бэлтгэл хангасан байдал, тариалалтын явцын талаарх мэдээллийг өдөр бүр яамны холбогдох газруудад мэдээлэх;

3.2. Мал үржүүлэг технологийн хаврын технологит ажлыг график төлөвлөгөөний  дагуу зохион байгуулж хэрэгжилтийг хангах;

3.3. Улсын хэмжээнд тохироогоор дутагдах хээлтүүлэгчийн судалгааг гаргаж, дутагдаж буй хээлтүүлэгчийг нөхөн тавих зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.4. Чанар, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулах, үржлийн нас гүйцсэн хээлтүүлэгчийн захиалга, нийлүүлэлтийн төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хангуулах;

3.5. Отрын бүс нутгийг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангах, оторчдын буцах маршрутыг  тогтоож, зураглал гаргаж хамтарч ажиллах;  

3.6. Малын зүй бусын хорогдол, мал төллөлт, төл бойжилтын явцын мэдээг 7 хоног бүр тогтмол авч  дүн шинжилгээ хийж яаманд мэдээлэх;

3.7. Улсын хэмжээнд шаардагдах /2021/ тэжээлийн хэрэгцээг урьдчилан тооцоолж, тариалалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулах;

3.8. Отроор хаваржиж буй малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг тогтмол үзүүлж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, аймаг, сум дамнан нүүдэллэхгүй байх зохицуулалтыг хийж байнгын хяналт тавих;

3.9. Тариалалтад ажиллах техник, хүн хүчний судалгааг сум, аж ахуйн нэгжийн түвшинд гаргаж бэлэн байдлыг хангах;

3.10. Орон нутгийн аж ахуйн нэгж хооронд трактор, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн ажиллуулах үед механикжуулагчид, мэргэжилтэй ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан бүртгэлжүүлж, шилжилт, хөдөлгөөний талаарх мэдээллийн сан бүрдүүлэх;

3.11. Аж ахуйн нэгж хооронд техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн ажиллуулах үед механикжуулагчид, мэргэжилтэй ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан бүртгэлжүүлэх, шилжилт, хөдөлгөөнийг саадгүй, шуурхай  зохион байгуулах,  мэдээллийн сан бүрдүүлэх;

3.12. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, хүн нэг бүрийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлээр хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.13. Тариалалтад ажиллах мэргэжилтэй ажилтнуудын жагсаалтыг гаргаж шаардлагатай тохиолдолд тариалалтын ажлыг хоёр ээлжийн горимоор ажиллах хуваарь батлуулж мөрдөх;

3.14. Үр, бордоо, ургамал хамгааллын бодис, сэлбэг хэрэгслэл, тоног төхөөрөмж, шатахууны нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай  тээвэрлэлтийг халдвар хамгаалалтын дэглэм, журмыг баримтлан саадгүй зохион байгуулах;

3.15. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, өргөжүүлэх “Өрхийн  тариалан” хөдөлгөөнийг өрнүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах;

3.16. Отор нүүдэл хийх чиглэл, хугацаа, нутаг дэвсгэрийг тогтооход мал эмнэлгийн тархвар зүйн судалгаанд үндэслэн үнэлгээ, дүгнэлт өгөх, харьяалах нутаг дэвсгэрт отор нүүдлээр ирсэн мал, амьтанд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

3.17. Аж ахуйн түвшинд халдвараас хамгаалах ариутгал, халдаргүйтгэлийн арга хэмжээний бэлтгэл ариутгалын бодис, маск, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бэлтгэх, хангах;

3.18. Орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанар, аюулгүйн шаардлага хангасан ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, бэлдмэлийн нөөц бүрдүүлэн, хангамжийг сайжруулж ажиллах;

Дөрөв. Энэхүү албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг 2021 оны 7 дугаар сарын 01-ний дотор танилцуулахыг Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Алтансүх/-т даалгасугай.

 


САЙД                                                      З.МЭНДСАЙХАН


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам