Улаанбуудайг биржээр арилжихын давуу талууд

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.05 15:24


“Хөдөө аж ахуйн бирж”-ээр улаанбуудай арилжсанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дотоод зах зээлийг тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тухайлбал, зах зээлийн бодит ханш тогтож, тариаланч, худалдаа, үйлдвэр эрхлэгчдэд өөрсдийн хөдөлмөрөө зөвөөр үнэлэх, үнийн эрсдлээс үл хамааран бизнесээ төлөвлөж зах зээлд эрх тэгш өрсөлдөх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 
Мөн тухайн бараа, түүхий эдийн ирээдүйн эрэлт, нийлүүлэлтийн төлөвийг урьдчилан тооцоолох боломжийг олгох тул газар тариалангийн салбарт төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай нь холбон олгох, тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэх боломжтой болох юм.

Зах зээлд үүсэх давуу тал
✓ Бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэнэ;
✓ Мөнгөний эргэлт сайжирна;
✓ Татварын хяналт сайжирна;
✓ Дотоодын vйлдвэрлэл өснө;
✓ Ажлын байр нэмэгдэнэ;
✓ Тээвэрлэлт төвлөрч, бүтээгдэхүүний даатгалын зах зээл хөгжинө.

Худалдан авагчид үүсэх давуу тал
✓ Чанар стандартын шаардлага хангасан түүхий эд худалдаж авна;
✓ Буудайн ангилал тус бүрээр зах зээлийн бодит үнээр худалдан авах боломжтой;
✓ Түүхий эдийн хомстол үүсэхээс сэргийлнэ;
✓ Худалдан авагч талын хувьд биржийн мэдээ, мэдээлэл, гэрээ хэлцэлд үндэслэн бизнесээ төлөвлөх, хэрэгцээ шаардлагаа бодитоор тооцоолох, бизнесээ өргөтгөх зэрэг боломж бий болдог;
✓ Үнийн эрсдлийг удирдах боломжтой;
✓ Төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлнэ;
✓ Даатгагдсан тээвэрлэлт хийгдэнэ;
✓ Үйлдвэрлэгчид болон арилжаанд оролцогчдын орлого нэмэгдэнэ.

Худалдагчид үүсэх давуу тал
✓ Бүтээгдэхүүний чанар сайжирч стандарт (брэнд)-тэй болно;
✓ Тариаланч өөрийн хүссэн үнэ, зах зээлийн бодит үнээр түүхий эдээ арилжих боломж бүрдэнэ;
✓ Худалдан авагч тал гэрээний төлбөрөө буудайгаа хүлээн авахаас өмнө урьдчилан биржийн дансанд байршуулсан байдаг тул мөнгөө авахгүй байх эрсдэлгүй, төлбөр тооцоо найдвартай хийгдэнэ.
Улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалж эхлэх ажлын хүрээнд  тариаланч болон үйлдвэрлэгчдийг хэрхэн арилжаанд идэвхтэй оролцуулах чиглэлд судалгаа хийж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам