Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.09 18:50


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Сүү” ХК-ийн төлөөлөл өнөөдөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах “Ар гүнт марцад” хоршоо нь 2020 оны 8-р сараас үйл ажиллагаагаа эхэлжээ. Нийт 17 гишүүнтэй тус хоршоо нэг өдөрт өвлийн улиралд хоёр гаруй тонн, дулааны үед гурван тонн сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлдэг байна. Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгддэг ажээ.

Малчин, фермер эрхлэгчид: Сүүний урамшуулал бидэнд бодит дэмжлэг үзүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11-р сараас эхлэн өнөөдрийн байдлаар нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 3 гаруй тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна.

Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд ийнхүү урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах зэргээр бодит дэмжлэг болж байгааг онцлон хэлсэн юм.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам