Сайд З.Мэндсайхан Сүхбаатар дүүргийн 20-р хороонд ажиллалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.18 14:21


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт зэрэг Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороонд ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд тус хороонд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ болон тулгарч буй асуудлын талаар ажлын хэсэг мэдээлэл авсан юм.

Сүхбаатар дүүргийн 20-р хороо 4400 гаруй иргэнтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 7 хүн корона вирусын халдвар авч, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдалд ямар нэгэн хүндрэл гараагүй аж. 

Сайд З.Мэндсайхан "Архаг, суурь, хүнд өвчтэй хүмүүс хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг асуудал яригдаж байсан. Тиймээс зөвхөн ковидоор өвчилсөн хүмүүс гэлтгүй хүнд өвчтэй иргэддээ давхар анхаарал хандуулж, эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Мөн цар тахлын энэ үед анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж буй хүмүүстээ зөвлөн тусалж, хамтран ажиллах нь чухал болохыг онцолж байлаа.


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам