Сайд З.Мэндсайхан Итали Улсын Элчин сайдтай цахимаар уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2021.04.29 16:59


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд бөгөөд Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан, Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Боттàтай цахим уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Элчин сайд Лаура Боттà болон элчин сайдын яамны хамт олонд Монгол-Италийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлээд хөнгөн үйлдвэрийн салбарт техник технологиороо дэлхийд танигдсан Итали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай улсын хувьд нэн чухал ач холбогдолтой талаар дурдлаа.

Энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тэр дундаа "Дархан арьс ширний цогцолбор" үйлдвэрийг хөгжүүлэх, ноос ноолуурын салбарт хамтран ажиллах, шаардлагатай тоног төхөөрөмжийг удаан хугацааны хөнгөлттэй нөхцөлөөр авах, Монголын хаан ширхэгт чанарын тэмдэгтийг Европын Холбооны улсуудад таниулах цаашлаад салбарын мэргэжилтнүүдийг сургах, чадавхийг сайжруулах зорилготой байгаагаа Сайд З.Мэндсайхан илэрхийлсэн юм. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөллийг ойрын хугацаанд Итали Улсад ажиллуулах талаар мэдээлэл өгснийг Элчин сайд хүлээн авч дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдааныг 2017 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулснаас хойш 4 жил болсон. Тиймээс ээлжит хуралдааныг энэ оны эхний хагаст буюу 5-р сарын 20-ны өдөр цахимаар зохион байгуулахаар талууд тохиролцлоо. Комиссын хуралдаан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, зэрлэг ан амьтны хамгаалал, эрчим хүч, хог хаягдал, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох тохиролцоонд хүрэх зорилготой юм.

 


Зохиогчийн эрх ©2021 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам